-Тэрбум төгрөг зарцуулсан ч охиныг аварч чадсангүй-
“Намайг Т.Шинэбаяр гэдэг...” хэмээн яриагаа эхлэх энэ эмэгтэйн хоолой тайван сонсогдох ч өгүүлбэр бүрийн цаана эмтэрч нугарсан амьдрал, хариулт нэхсэн асуултууд нэвт мэдрэгдэнэ. Тэрбээр хоёр хүү, нэг охин, нөхрийн хамт ам бүл тавуулаа амьдарч байсан, Монголын жирийн нэгэн гэр бүлийн төлөөлөл. “Байсан” гэж тодотгосон нь учиртай. Түүний 19 настай охин 2026 оны гуравдугаар сарын 4-нд харамсалтайгаар хорвоог орхиж, Т.Шинэбаярын гэр бүл өнчирч үлдсэний дээр өр шир, зээлээс өөр юмгүй хоцорчээ. Энэ бол ганц гэр бүлийн эмгэнэлт үйл явдал биш, манай улсын эрүүл мэндийн тогтолцооны доголдол, гадаад эмчилгээний бодлогын цоорхой, олон улсын эмнэлгийн үйлчилгээний цаадах бизнес, эдгээрийн огтлолцолд монгол хүний амь хэрхэн үнэгүйдэж байгааг илчилсэн бодит түүх юм. Охиноо эдгэрнэ гэж эцсийн мөчөө хүртэл итгэж, буй бүхнээ шавхсан ч тэдний оролдлого хэрхэн нуран унаж, сөхөрч буйг эл кэйс харуулах болно.
Харьд эмчлүүлээд амь нас, эрүүл мэндээрээ хохирсон монгол охины гунигт түүх ингэж эхэлнэ. Т.Шинэбаярын охин долоон настайдаа цусны цагаан эсийн цочмог хавдраар анх оношлогдож, ЭХЭМҮТ-ийн хяналтад хоёр жил шахам химийн эм, тариа хийлгэн намжмал байдалд оруулж чаджээ. Эцэг, эхийнх нь хувьд энэ нь “Амьдрал буцаад хэвийн үргэлжлэх боллоо. Хүүхэд минь эдгэрлээ” гэх итгэл найдвар байсан нь ойлгомжтой. Ингээд найман жил бие нь өвдөлгүй байж байгаад 2021 онд буюу 15 настайд нь охины хавдар дахин сэдэрч, гэр бү лийнхэнд нь хүнд цохилт болов. Энэ удаад өв чин өмнөхөөс арай хүнд хэлбэрээр, дахилтын протоколтойгоор ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж, өнөөх л химийн эм, тариа хоёр жил орчим хийлгэсний эцэст охин хөл дээрээ боссон байна.
ЦАГ ХУГАЦАА ТЭДНИЙ ЭСРЭГ АЖИЛЛАЖ ЭХЭЛСЭН НЬ
Гурав дахь удаагийн цохилт охиныг 19 настайд ирсэн нь 2025 оны зургаадугаар сарын 30-ны өдөр байлаа. Шинжилгээгээр хавдрын эс 32 хувьтай гэж гарсан ч охин энэ тухайгаа гэр бүлдээ тэр даруй мэдэгдээгүй. Бие нь чилээрхсээр байсан тул эцэг, эх нь арга буюу долоодугаар сард эмнэлэгт дагуулан очиход нөхцөл байдал ноцтойгоор эргэжээ. Охин энэ үед хэдийн насанд хүрсэн байсан тул Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т хяналтад орж, эмч нар ч цусны хавдрын стандарт буюу химийн эмчилгээ хийлгэхийг зөвлөжээ. Үүнээс өөр эмчилгээ үндсэндээ Монголд байхгүй. Хавдар яагаад сэдэрснийг шинжлэх боломжгүй, учир нь лабораторийнх нь хүчин чадал хүрэлцэхгүй. Хамгийн чухал гэгдэх хавдрын мутацийг илрүүлж чадахгүй, гадаадад оношлуулсан ч түүнд “онилсон” эмчилгээ байхгүй учраас стандарт эмчилгээ санал болгохоос өөр яалтай билээ. Мэдээж эцэг, эх нь өмнөх хоёр удаагийн химийн эмчилгээний хор уршгийг охиныхоо хамт мэдэрч, туулсан хүмүүс. Тиймээс л “Химийн эмчилгээ охиндоо дахиад хийлгэх үү, үгүй юү” гэдэг сонголттой нүүр тулжээ. Тэд зөвлөлдсөний эцэст ямартай ч эхний ээлжид охиныхоо өвчний оношийг баталгаажуулах, илүү үр дүнтэй хувилбар олон улсад байгаа, эсэхийг судалж эхэлсэн байна.
Ингээд БНХАУ төдийгүй Азидаа нэр хүндтэй, Бээжин хот дахь “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлэгт очиж бүрэн шинжилгээнд хамрагдан, оношоо баталгаажуулжээ. Тэгэхэд охины хавдрын эс 86 хувьтай, дээрээс нь хоёр төрлийн мутаци илэрчээ. Эмч нар “Яаралтай эмчлүүлэхгүй бол тархинд нь тархах эрсдэлтэй” хэмээн сэрэмжлүүлсэн байна. Гэвч тэд анхнаасаа эмчилгээ хийлгэнэ гэсэн төлөвлөгөөгүй очсон учраас төлбөр мөнгөнөөс авхуулаад асуудал ундрах нь ойлгомжтой. Эм чилгээний зардал ч асар өндөр байсан тул тэд Монгол руугаа буцаж, мөнгө босгохоос өөр сонголтгүй болжээ. Энэ мөчөөс л цаг хугацаа тэдний эсрэг ажиллаж эхэлcэн.
Эх орондоо буцаж ирсэн даруйдаа Т.Шинэбаярын гэр бүл эмчилгээний зардлаа олохын тулд боломжтой бүхнээ зарж, найз нөхөд, хамаатан саднаасаа тусламж хүсэн, овоо хэдэн төгрөг цуглуулаад 2025 оны наймдугаар сарын 1-нд “Лу Даопэй” эмнэлэгт очиж, нэг сарын хугацаанд химийн болон хавдрын эс устгах CAR-T эмчилгээг 150-160 орчим сая төгрөгөөр хийлгэсэн байна. Гэсэн ч охины хавдар өмнө нь хоёр удаа сэдэрсэн тул эмч нар “Үүдэл эс шилжүүлэн суулгах эмчилгээг заавал хийлгэх шаардлагатай. Тэгж байж бүрэн эдгэрнэ. Манайд эмчлүүлбэл эдгэрэх магадлал 90 хувьтай” гэж зөвлөжээ. Уг эмчилгээний үндсэн зардал нь 550 сая төгрөг. Үүнд эм, тариа, байр, хоол, буудал, бусад зардал ороогүй. Өмнөх эмчилгээнд нь их хэмжээний мөнгө зарцуулсан жирийн нэгэн гэр бүлд дахиад 550 сая төгрөг цуглуулна гэдэг байж болшгүй хүнд даваа хэдий ч охины гэр бүл огтхон ч бууж өгөөгүй, дахин шүд зуун тэмцсэн. Учир нь тэдний эцсийн найдвар нь ясны чөмөг буюу үүдэл эс шилжүүлэн суулгах юм. Тиймээс уг эмчилгээг хийлгэхээр тохирч, “Лу Даопэй” эмнэлгийн донорын санд бүртгүүлж, жагсаалтад охиныхоо нэрийг би чүүлснээр 2025 оны наймдугаар сарын 30-нд эх орондоо иржээ.
ЭЦСИЙН НАЙДВАР
Байр, машин, газар гээд буй бүхнээ тэд зарсан. Зээл авсан, хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж, тоглолт, лайв, контент хийж, хандивын бал, хичээлийн хэрэгсэл хүртэл борлуулан, өдөр шөнөгүй хөдөлмөрлөв. Т.Шинэбаяр “Охины минь амь нас цаг, минутаар хэмжигдэж байхад бидэнд гараа хумхиад зүгээр суух эрх байгаагүй” хэмээсэн юм. Тэд үнэхээр зүгээр суусангүй, зээл, хандив, боломжтой бүх эх үүсвэрийг ашиглан эмчилгээний зардлаа бүрдүүлжээ. Тэднийг мөнгө босгох хооронд “Лу Даопэй” эмнэлгээс удаа дараа холбоо барьж, охинд 100 хувь тохирох хоёр ч донор гарсныг мэдэгдсэн байна.
Гэвч Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтад багтсан оношоор гадаадад эмч лүүлэхээр явж буй хүмүүст бүрдүүлэх материал мундахгүй их. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас авах ёстой албан тоот, баримт материалаа хөөцөлдөж, хүлээсээр 2025 оны аравдугаар сарын 4-нд тэд Бээжинг зорьж, эмнэлэгтээ очиход харамсалтай нь, охины донор хэдийн цуцлагдсан байжээ. Төрийн албаныхны хүнд суртлаас болж донороо алдсан Т.Шинэбаярын гэр бүл, гадаадад очоод эмчлүүлээд бү рэн эдгэрнэ гэсэн охины итгэл ийн нуран унаж, ёстой л нөгөө дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болжээ.
Юутай ч эмчилгээгээ эхлүүлээд байж байтал азаар 90 хувь тохирох донор олдсон ч тухайн үед Хятадын ургацын баяр нь таараад донор хүлээгдэж, охины биеийн байдал ч түү нийг хүлээхээргүй улам дордсоор байлаа. Иймд “Лу Даопэй” эмнэлгийн зүгээс “Донор 50 хувь тохирч байсан ч бид хагалгаа хийж чадна. Манайх өмнө нь 50 хувь тохирох донороос өч нөөн мянган хүнд үүдэл эс шилжүүлэн суулгасан туршлагатай. Тэгээд ч танай хүүхэд саяхан CAR-T эмчилгээ хийлгэсэн учраас эдгэрэх магадлал нь бүр ч өндөр. Тиймээс гэр бүлийнхнээс нь хэн нэгнийг яаралтай авчир” хэмээжээ. Найдвар тасраад байсан ээж охин хоёрт энэ мэдээ аврал төдийгүй сүүлчийн горьдлого болж хувирав. Ингээд охины аав донор болохоор Бээжинд ирж, бүх шинжилгээндээ хамрагдан, үүдэл эсээ охиндоо өгч, түүнийгээ аварна гэсэн итгэл дүүрэн, бүгд баяр жаргалтай байцгаажээ.
Үүдэл эс шилжүүлэн суулгахаас өмнө туяа, химийн эмчилгээ үе шаттай хийгээд 2025 оны аравдугаар сарын 27-нд аав охин хоёр хүсэн хүлээсэн хагалгаандаа орсон аж. Эхний өдрүүдэд бүх зүйл хэвийн үргэлжлэв. Охинд суулгасан донорын эс өсөж, үндсэн үүргээ биелүүлэхийн сацуу дагаад биеийн байдал нь ч тогтворжин, вакум өрөөнөөс энгийн тасаг руу шилжсэн байна. Ар гэрийнхэн нь эмч нарт, цаашлаад бурханд хүртэл талархаж, “Одоо л нэг охин минь хүнд өвчнөөсөө салж, эдгэх нь” хэмээн амсхийсэн тэр мөч богинохон байсныг хэн хэн нь даанч мэдсэнгүй.
Эмнэлэгт 14 хоносны дараа эмч нар охины биеийн байдал хэвийн боллоо, одоо гарч болно гэсэн баярт мэдээ дуулгажээ. Ингээд арваннэгдүгээр сарын 20-нд тэд эмнэлгээс гарч, түрээсэлж байсан байрандаа очсон гэнэ. “Охин минь өдөрт гурван хоол иддэг. Үүнийхээ хажуугаар 50 гаруй эм уудаг байсан учраас түү нээсээ болоод бөөлжөөд байна л гэж эхэндээ бодсон” хэмээн нулимсаа арчин ярих Т.Шинэбаяр тухайн үед охиноо дагуулан “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төвд буцаад очжээ. Үүдэл эс шилжүүлснээс хойш нэг сарын дараа донорын эс эзэн бие рүүгээ “дайрч”, хүнд хэлбэрийн харшлын урвал үзүүлсэн нь тэр байж. Бөөлжихөөс гадна гүйлгэлт нь өдөрт 40-45-д хүрч, 3-4 литр шингэн алдаж байсан тухай тэрбээр хэлсэн.
Үүнээс болоод охины эмчилгээг байнга өөр чилж, эмнэлгийн зүгээс “Энэ тохирохгүй бол дараагийнхыг туршина” гэсэн зарчмаар үргэлжлүүлж байжээ. Эл хооронд охины бие өдрөөс өдөрт дордсоор. Хоолыг нь хорьж, байнгын эм чилгээ хийсэн ч үр дүнгүй, ахин дахин өөрийг туршсаар 70 дахь хоног дээрээ гүйлгэлт нь арайхийн багасжээ. Энэ хугацаанд охин юу ч идээгүй, ус ч хэмжээтэй уусан байна. “Гүйлгэлт нь багасаад овоо дээрдэх нь” гэсэн эхийн сэтгэлд тэнгэр ниргэх мэт дараагийн цохилт өгсөн нь элэг маш ихээр гэмтсэн байх нь тэр.
“МОНГОЛ РУУГАА БУЦ”
Эх хүний зөн совингоор, нүүр царайг нь харсан ч охиныхоо элэг нь муудаж байгааг анзаарч, энэ тухайгаа эмч нарт олон дахин хэлж анхааруулахад “Лу Даопэй” эмнэлгийн эмч нар “Зүгээр ээ, эмчилгээний явцад иймэрхүү зүйлс бишгүй гардаг. Хэвийн үзүүлэлт. Ямар ч байсан эмнэлэгтээ үргэлжүүлэн эмчлүү лэх шаардлагатай. Танай хүүхэд 80-90 хувьтай эдгэрнэ ээ, бид баталгаа өгч байна” гэж тайвшруулсаар байсан аж. Тиймээс Т.Шинэбаяр үхтэл үр харам гэдэг болохоор эмч нарт дахин итгэл хүлээлгэж, эмчилгээг үргэлжлүүлэхийг зөвшөөрчээ. Гэсэн ч шинжилгээний үзүүлэлтүүд нь дээрдэхгүй байсаар давсаг руугаа нөлөөлж, сүүлдээ цусаар шээж эхэлсэн байна. Охиных нь бие ийн улам муудаад байгааг мэдэрч, эмч нарт дахиад л үүнийхээ талаар хэлэхэд “Эмчилгээний хариу урвал угаасаа ингэж явагддаг. Давсны уусмалаар бөөр, шээсний замыг нь угаагаад л зүгээр болгочихно” гээд 18 хоногийн турш эл эмчилгээг хийжээ. Харамсалтай нь, хүчтэй эм, тариа хийх болгонд элэгний эсүүд нь гэмтсээр л байж.
Энэ бүхний эцэст “Лу Даопэй” эмнэлгийнхэн охины шинжилгээний хариуг хараад ээжид нь “Элэг нь нэлээд хүндэрчихсэн байна. Хордлго ихтэй байгаа учраас угаахгүй бол горьгүй нь” гээд сийвэнгээр таван удаа угаасан ч мөн л ахиц гараагүй аж. Ингээд эмч нар “Танай хүүхэд харшилтай учраас элгэнд нь нэг дэвшилтэт эмчилгээ хийхээр боллоо. 20 мянган юанийн үнэтэй ч охинд үнэгүй хийгээд өгье. Харшлаас улбаатай элэгний өөрчлөлтөд энэ эмчилгээ яг тохирно” гэхээр нь Т.Шинэбаяр гомдлын мөр бас л зөвшөөрчээ. Элгийг нь гурван удаа “угаагаад” үр дүн гараагүй учраас тэрбээр эмчилгээг зогсооё гэсэн ч эмч нар нь зөвшөөрөөгүйн дээр дөрөв дэхээ хийсэн байна. Эл хугацаанд охины элэгний муу үзүүлэлтүүд огт буугаагүй.
“ЛУ ДАОПЭЙ” ЭМНЭЛГИЙНХЭН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭГЭЭГҮЙ
Хамгийн сүүлд “Лу Даопэй” эмнэлгийнхэн “Элэгний вений судас нь бөглөрчихсөн юм шиг байна. Сүүлийн үеийн, вений судас бөглөрлийн эсрэг нэг эмчилгээ манайд байгаа. Сарын төлбөр нь 200 гаруй сая төгрөг болно. Энэ эмчилгээг хийлгээд тохирвол танай хүүхэд эдгэрэх гээд байна” гэж ичих ч үгүй хэлжээ. Дээрх эмчилгээнүүдийг хийснээс хойш охин архаг цус багадалтад орчихсон, цус сэлбээд ч тогтохгүй, тромбоцитоз буюу ялтаст эс нь уначихсан байж. Хар ухаанаар бодсон ч цус алдах магадлалтай хүнд вений судасны бөглөрлийн эсрэг эмчилгээ яагаад ч тохирохгүй гэдгийг энгийн бид ч мэдэх билээ. Гэтэл “Заавал хийлгэх ёстой” хэмээн Т.Шинэбаяраар хүчээр шахам гарын үсэг зуруулж, хоёр өдрийн эмчилгээ хийтэл охины давсаг цусаар дүүрч, улмаар цус алдан, эмч, үйлчлүүлэгчгүй бүгдээрээ хүнд цохилтод орсон байна.
Айсан хүн айл эвдэхийн үлгэрээр “Лу Даопэй” эмнэлгийнхэн гаднаас урологийн эмч нар дуудаж охиныг үзүүлэхэд “Мэс заслын аргаар цусыг тогтооё гэхээр охин хагалгаагаа “даахгүй”, эрсдэл үүсэх магадлал өндөр байна. Мэс хүргэх төдийд цус алдах аюултай. Нөгөө талаас хагалгаа хийхгүй л бол давсаг цусаар дүүрч, бөөрний дутагдалд орох эрсдэлтэй. Иймд энд эмчлэх боломж байхгүй. Эртхэн Монгол руугаа буцсан нь дээр” гэсэн шийд хэлжээ. Эмчилгээний сүүлийн хоёр хоногт л гэнэт ийм шийдвэр гаргасан байгаа юм. Урологийн эмч нар ирж үзэх хүртэл охиныг 80-90 хувьтай эдгээж чадна гэж ар гэрийнхэнд нь итгүүлж, эмчилгээний төлбөрт нэг тэрбум орчим төгрөг авсан “Лу Даопэй” цусны эмгэг судлалын төв эмнэлгийнхэн адаг сүүлдээ “За, та нар одоо нутгаа зорь доо” гэсэн хүн чанаргүй гэхэд багадах зүйл хэлжээ. Тэд хариуцлага хүлээх нь битгий хэл, бараг хөөсөн байна. Эл мэдээг сонссон Т.Шинэбаяр шокт орж, охиндоо үүний талаар хэлж зүрхлээгүй аж. Арга ч үгүй биз дээ, охиноо эдгэрнэ гэж эцсээ хүртэл тэмцэж, итгэж найдан, буй бүхнээ зориулсан билээ. Тэр болгон нь хүний нутагт ийн хумхын тоос болон замхарсантай, мөн охиноо алдсанаа тэрбээр одоо болтол хүлээн зөвшөөрч, эвлэрч чадахгүй яваа.
Монголдоо ирснийхээ дараа охин “Би долоохон хоног тэсчихвэл хөл дээрээ босчих юм шиг санагдаад байна” гэж ээждээ хэлж байжээ. Охин үнэхээр амьдралд хайртай, сурч хөгжихийн төлөөх хүсэл тэмүүллээр дүүрэн нэгэн байсныг ээж нь хэлсэн. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн долоон жилд нь сурсан боловч эмчлүүлэх явцдаа бүх хичээлээ нөхөж, ахлах ангиа “А” үнэлгээтэй төгссөн байна. Хажуугаар нь олон улсын тэмцээн, уралдаанд оролцож, өч төчнөөн шагнал, цом авсан нь түүний сурч боловсрох чин хүсэл армэлзлийг гэрчлэн үлджээ. Мөн бие даан англи хэл сурч, IELTSийн 6.5 оноо авч, сүүлд жолооч болоод ээж, дүүгээ нисэх буудлаас тоссоныг Т.Шинэбаяр нулимс дуслуулан ярилаа.
Үргэлжлэл бий...