Ихэнх голуудад цөн түрсэн байхад автомашинтайгаа тээвэр хийснээс мөс цөмрөх, усанд суух дуудлага цөөнгүй бүртгэгдэж буйг онцгой байдлын байгууллагаас сэрэмжлүүллээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумаас зорчиж явсан “УАЗ” 3962 ачааны автомашины жолооч, хоёр зорчигчийн хамт Идэр голд суусан гэх дуудлага өнгөрсөн сарын 30-нд аймгийн онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, иргэдийг завиар зөөвөрлөн эрэг дээр эсэн мэнд хүргэж, ачааны автомашиныг татан гаргажээ. Мөн Завхан аймгийн Буянт голд суудлын автомашин усанд суусан урсах гээд байна гэсэн дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрынхан ажиллаж, “УАЗ” загварын суудлын автомашиныг татан гаргасан байна.
Он гарснаас хойш гол, нуурын мөсөнд цөмөрсөн 16, усанд суусан зургаан тохиолдол бүртгэгдэж, онцгой байдлын байгууллагын алба хаагчид есөн иргэний амь аварч, 15 тээврийн хэрэгслийг татан гаргажээ.