Эх орны хоймор нутаг, хөвч тайгын гүнээс байгаль эхээ сахин хамгаалж, зэрлэг амьтдын төлөө халуун сэтгэлээ зориулж яваа эрхэм бол Г.Мягмаррагчаа юм. Тэрбээр Хөвсгөлийн Соёны нуруунд хагас зуун жил сураг тасраад байсан цоохор ирвэсийг илрүүлэн баримтжуулсан төдийгүй, энэ онд Ирвэстэй бүс нутгийн шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар тодорсон билээ. Ингээд Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газар (УТХГ)-ын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Г.Мягмаррагчаатай ярилцсанаа хүргэе.
-Ирвэстэй бүс нутгийн шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсанд тань баяр хүргэе. Та өмнө нь хоёр ч удаа шилдгээр шалгарсан юм билээ.
-“Монголын ирвэс хамгаалах сан”, БОУАӨЯ, Монголын байгаль хамгаалагчдын холбоо хамтран Британийн Засгийн газрын Зэрлэг амьтны хууль бус худалдааг бууруулах төслийн санхүүжилтээр цоохор ирвэсийн тархалт нутгийн шилдэг байгаль хамгаалагч шалгаруулах уралдааныг гурав дахь жилдээ зохион байгууллаа. Миний хувьд 2024-2025 онд шилдгээр шалгарсан. Харин өнөө жил шилдгийн шилдэг байгаль хамгаалагчаар шалгарсандаа маш их баяртай байна.
-“Ирвэс хамгаалах сан”-гаас үндэсний хэмжээнд нийт 20 ажилтныг шилдгээр шалгаруулснаас тав нь Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч байсан. Танай хамт олны ажиллах арга барил, онцлог юунд оршдог вэ?
-Манай хамгаалалтын захиргаанаас 2024 онд дөрөв, 2025 болон 2026 онд тус бүр таван байгаль хамгаалагч шилдгээр шалгарч, сүүлийн гурван жилд нийт 14 ажилтан энэхүү хүндтэй алдрын эзэн болоод байна. Үүнээс гадна 2024 онд манай байгаль хамгаалагч Б.Болдбаатар шилдгийн шилдгээр тодорч байсан. Харин өнөө жил дахиад манайхаас шилдгийн шилдэг байгаль хамгаалагч тодорлоо. Манай байгаль хамгаалагчид гэр бүлээрээ тухайн хариуцсан нутагтаа амьдарч, сард дунджаар 20-иод хоногийг мориор болон явган эргүүлд өнгөрүүлдэг. Бид зөрчил илрүүлэхээс илүүтэй хууль бус ан агнахаас урьдчилан сэргийлэхэд гол анхаарлаа хандуулдаг юм. Түүнчлэн газар орноо сайн мэддэг, тайга нутгаа хайрлах чин сэтгэлтэй, онгон дагшин байгалиа үр хойчдоо хэвээр нь өвлүүлэн үлдээх гэсэн зүрх сэтгэлээрээ нэгдэж ажилладаг нь бидний гол онцлог байх.
КАМЕРТ ЦООХОР ИРВЭС БИЧИГДЭХИЙГ ХАРААД, ӨӨРИЙН ЭРХГҮЙ БАЯРЫН НУЛИМС УНАГАСАН
-Хөвсгөлд сүүлийн 50 жилд харагдаагүй цоохор ирвэсийг танай Хамгаалалтын захиргаа илрүүлэн, баримтжуулсан шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?
-Энэ бол манай хамт олон төдийгүй байгаль хамгаалагч миний амьдралын хамгийн мартагдашгүй, баяр баясгалантай мөчүүдийн нэг. Анх 2019 онд Хорьдол Сарьдгийн дархан цаазат газарт автомат камерын тусламжтайгаар цоохор ирвэсийн толбыг бүртгэж, эл амьтан Улаан тайгын УТХГ-т байгаа гэх итгэл найдвар тээж эхэлсэн. Улмаар 2020 онд “Ирвэс хамгаалах сан”-тай хамтран Хөвсгөлийн Соёны нурууны дагуу судалгаагаа өргөжүүлж, Орос-Монголын хил дагуух ян сарьдаг уулсаар 70 гаруй автомат камер байрлуулсан юм. Хөвсгөл нутагт хагас зуун жил сураг тасраад байсан уулын эзнийг олж тогтооно гэдэг амаргүй даваа байлаа. Би Соёны нуруу дагуу 21 хоногийн турш эрэл хайгуул хийсний эцэст 2020 оны долоодугаар сарын 15-нд камераа байршуулаад, хүлээлт дүүрэн буцаж билээ. Гэтэл ердөө 15 хоногийн дараа буюу долоодугаар сарын 30-нд өнөөх камерт анхны цоохор ирвэс бичигдэж, сүрдэж бишрэм дүр төрхөө үлдээсэн байв. Камерын бичлэгийг анх үзэх мөчид цээж дүүрэн омогшил төрж, хамаг ядаргаа хоромхон зуурт замхрах шиг болсон. Өөрийн эрхгүй баярын нулимс унагаж билээ. Тэр мөчид байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл ах минь хамгийн түрүүнд бодогдсон. Хэрэв ах минь амьд сэрүүн байсан бол ямар их баярлах байсан бол гэж бодохоос сэтгэл минь нэг талаар гунигласан ч, нөгөөтээгүүр ахынхаа дуусгаагүй үйл хэргийг үргэлжлүүлж яваадаа талархсан. Энэ бол бидний зүтгэлийг үнэлж, эх нутаг минь эзэнтэйг сануулсан байгаль эхийн маш том бэлэг, ерөөл байлаа.
-Нэгэнт гэр бүлийн тухай асуусных Т.Лхагвасүмбэрэл агсны талаар дурдалгүй өнгөрч болохгүй. Та хоёр үеэлүүд байх аа?
-Сүмээ ах (Т.Лхагвасүмбэрэл) бид хоёр үеэлүүд. Багаасаа нэг гэрт шахуу тоглож наадаж өссөн. Бидний хүүхэд нас байгаль дэлхийтэйгээ ойр, хөдөөгийн дэнжид өрнөсөн болохоор тэр л нандин дурсамжууд зүрх сэтгэлд минь хэзээд тодхон байдаг. Ах багаасаа л амьтанд энэрэнгүй, ажилд хичээнгүй нэгэн байсан. Магад энэ чанар нь ирээдүйн байгаль хамгаалагч болох эхлэл нь байсан болов уу. Тэрбээр байгаль хамгааллын салбарт, ялангуяа цоохор ирвэс хамгаалах үйлсэд бүхий л оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулсан нэгэн. Түүний эхлүүлсэн үйл хэрэг, чин үнэнч зүтгэл өнөөдөр над шиг олон залуусын бахархал, үлгэр дуурайлал болон үлдсэн. Сүмээ ахыг дурсахаар сэтгэлд гуниг төрдөг. Гэхдээ дуусгаагүй үйл хэргийг нь үргэлжлүүлж, эх нутгийнхаа онгон дагшин байгалийг хамгаалахаар зүтгэж яваагаа би түүний үргэлжлэл гэж санадаг юм. Миний амьдралын хамгийн үнэ цэнтэй мөч бол хамтдаа өсөж, ижилхэн хүсэл мөрөөдөл тээж явсан тэр л цаг хугацаа. Ахын минь гэгээн дүр, байгаль эхээ гэсэн агуу хайр зүрх сэтгэлд минь үүрд амьд оршино гэж боддог.
-Байгаль орчны гавьяат ажилтан Ж.Төмөрсүх таны авга ах шүү дээ. Энэхүү хариуцлагатай бөгөөд хүндтэй үйл хэргийг нь үргэлжлүүлэн өвлөхөд танд юу хамгийн их нөлөөлсөн бэ?
-Миний хувьд хүүхэд байхаасаа л байгаль дэлхий, ан амьтадтай ойр өссөн. Тиймдээ ч бага сургуулиасаа эхлээд байгаль хамгаалагч болохыг мөрөөддөг байлаа. Мөн ахынхаар орж, гардаг байсан нь энэ мэргэжлийг сонгоход ихээхэн нөлөөлсөн. Тэднийх гэр бүлээрээ байгаль хамгаалах үйлсэд хүчин зүтгэдэг, тун шударга, зарчимч хүмүүс байв. Тэгэхээр өссөн орчин болон ахын минь хийж буй ажил үйлс миний ирээдүйн зорилгыг тодорхойлсон гэж хэлж болно. Ингээд 2014 онд байгаль хамгаалал-экологи мэргэжлээр их сургуулиа төгсөж, тухайн жилийнхээ арваннэгдүгээр сард Улаан тайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргаанд байгаль хамгаалагчаар ажилд орсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нэг л замаар, тууштай зүтгэж явна.
-Салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхэмтэй мөр зэрэгцэн ажиллахад сурах зүйл их байх. Ах тань залуу байгаль хамгаалагчдад голчлон юу гэж захидаг бол?
-Байгаль орчны салбарын амьд домог болсон Ж.Төмөрсүх хэмээх эрхэм хүнтэй мөр зэрэгцэн, түүний удирдлагад ажиллана гэдэг миний хувьд асар их хувь заяа, нэр төрийн хэрэг юм. Тэр бол миний авга ах төдийгүй ясны шударга зан чанар, байгаль эхээ гэсэн чин сэтгэлээрээ түмэндээ үнэлэгдсэн жинхэнэ манлайлагч. Түүний ажлын арга барил, хийж буй үйлдэл, хэлж буй үг бүхэн нь бидэнд их сургамж, туршлага болдог. Ах минь зэрлэг ан амьтны төлөө зүрх сэтгэлээ зориулахаас гадна орчин үеийн менежментийг байгаль хамгааллын салбарт маш оновчтой нэвтрүүлсэн чадварлаг менежер. Тэр залууст тушаал өгөөд суух биш, өөрөө хамгийн хүнд хэцүү газар руу түрүүлж алхан үлгэрлэдэг. Тиймээс хамт олон маань түүнд бүрэн итгэж, нэгэн сэтгэлээр зангидагдаж чаддаг. Ажил дээр бид ах, дүүгийн бус, зөвхөн дарга, цэргийн холбоотой байдаг. Дарга маань залуучуудад “Байгаль хамгаалагч хүн хэн нэгэнд харагдах гэж биш, өөрийгөө хуурахгүйгээр чин үнэнчээр зүтгэх ёстой” гэж үргэлж захидаг. Мөн хатуужилтай, тууштай байхын зэрэгцээ мэдлэг боловсролоо үргэлж дээшлүүлж, технологийн дэвшлийг эзэмшихийг цаг үргэлж сануулдаг. Ахын минь энэ хичээнгүй зан чанар биднийг зөв хүн байж, эх нутгийнхаа манаанд итгэл төгс зогсоход хамгийн том хөшүүрэг болдог доо.
-Орчин үед байгаль хамгаалахад техник, технологи, автомат камерын үүрэг их болсон. Таны өдөр тутмын ажилд технологийн давуу тал хэрхэн мэдрэгддэг вэ?
-Байгаль хамгааллын салбарт дэвшилтэт техник, технологи гэдэг бидний нүд чих болж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байгаа нь үнэн. Өмнө нь байгаль хамгаалагчдын цалин хангамж багаас гадна тусгай тоноглолгүй шахам хувийн мориороо л эргүүлд гардаг байлаа. Харин 2017 оноос биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлээр олон улсын болон дотоодын төсөл хөтөлбөрүүдийг эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн нь манай хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэхэд томоохон дэмжлэг болсон юм. Үүний хүрээнд бид унах унаа, мотоцикл, орчин үеийн дуран, бусад шаардлагатай багаж хэрэгсэл, дөрвөн улирлын иж бүрэн хувцастай болсон. Өөрөөр хэлбэл, хангамж сайжрахын хэрээр илүү сэтгэл ханамжтай ажилладаг болсон гэх юм уу.
40-50 ХЭМИЙН ХҮЙТЭНД, ХОЁР МЕТР ЗУЗААН ЦАСЫГ ЯВГАНААР ТУУЛАХ ЭНҮҮХЭНД
-Өвөл хасах 40 хэмийн хүйтэнд тайгад хоноглох, зэрлэг амьтадтай нүүр тулахаас эхлээд байгаль хамгаалагчаас бие болон сэтгэл зүйн асар их тэвчээр шаардах нь тодорхой. Энэ албаны жаргал, зовлон, бэрхшээлийг та хэрхэн тодорхойлох бол?
-Тайгын өвөл бусад газраас тэс өөр. Хасах 40-50 хэмийн хүйтэнд, хоёр метр шахам зузаан цасыг явганаар туулах энүүхэнд. Үүнийг зөвхөн байгаль хамгаалагчийн чин сэтгэл л давж гарч чадна. Бид өөрсдийгөө байгаль дэлхийн эзэн биш, зөвхөн манаач нь гэж үздэг учраас тэрхүү хүнд нөхцөл, байгалийн давагдашгүй хүчин зүйлийг зэрлэг амьтадтайгаа хамтдаа туулдаг юм. Миний хувьд энэ ажлын зовлон нь зүдрэл биш, байгаль эхийн өмнө хүн өөрийгөө танин мэдэх томоохон шалгуур гэж боддог. Харин жаргал нь гэвэл хэдий хүнд бэрх ч гэлээ ирээдүй хойч үеийнхэндээ онгон дагшин байгалиа бүрэн бүтэн өвлүүлэн үлдээж буй нь шүү дээ. -Та хоёр ч удаа молцог хандгайг хууль бусаар агнаж байсан үйлдлийг таслан зогсоосон гэдэг. Хулгайн анчидтай нүүр тулах үед амь нас, эрүүл мэндэд эрсдэл учрах тохиолдол цөөнгүй гардаг байх даа. -Байгаль хамгаалагчийн алба зөвхөн ан амьтан ажиглаж, байгаль шинжих төдийхнөөр хязгаарлагддаггүй. Маш их эрсдэл, сэтгэл зүйн дарамт дунд ажил өрнөдгөөрөө онцлогтой. Миний хувьд зөвхөн хандгай гэлтгүй буга, хүдэр, гахай агнасан, мөн хууль бусаар загас барьсан, алт, хаш олборлосон, мод бэлтгэсэн гээд олон төрлийн зөрчилтэй нүүр тулж байлаа. Энэ бүхнээс тайгад, сүлжээгүй газар ганцаараа үүрэг гүйцэтгэх нь хамгийн хэцүү. Цагдаа, онцгой байдал, хилийн цэргийнхэн шиг бид багаараа, олуулаа явж зөрчил илрүүлдэггүй. Гэтэл хууль бус үйлдэл хийж буй хүмүүс ганцаараа байх нь ховор. Бас галт зэвсэг, техник хэрэгслээр тоноглосон, бүр улайрсан хүмүүс байдаг. Тэд угаас биднийг хэзээ ч сайнаар хүлээж авдаггүй. Ална тална, ус руу шиднэ гэх мэтээр заналхийлэх, бие махбодод халдах нь энүүхэнд. Ийм үед хуулийн дагуу шаардлага тавьж, аюулыг сөрж зогсох нь байгаль хамгаалагчийн эр зориг, тэсвэр тэвчээрийг шалгасан хамгийн хүнд сорилт юм. Эх нутгаа хамгаалж үлдэхийн төлөө бид халуун амь, эрүүл мэндээ дэнчин тавьж ажилладаг гэдгийг олон нийт ойлгоосой гэж их хүсдэг.
ТАЙГААР ЯВАХАД МАЛЧИД БИДНИЙГ ЭХ НУТГАА ХАМГААЛЖ БУЙ ХҮМҮҮС ХЭМЭЭН ХҮНДЭТГЭДЭГ
-Байгаль хамгаалахад нутгийн иргэдийн дэмжлэг хамгийн чухал шүү дээ. Иргэдийн хандлага сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн талаар хуваалцахгүй юу?
-Намайг ажлын гараагаа эхлэх үед хүмүүс байгалийн баялгийг хэн дуртай нь ашиглах ёстой өмч мэтээр өрөөсгөл ойлголт давамгайлдаг байлаа. Тухайн үед биднийг хууль бус ан агнуур, алт олборлох үйлдлийг нь хориглож, хяналт тавиад эхлэхээр иргэд дургүйцэж, эсэргүүцэх нь түгээмэл байсан юм. Харин одоо цаг үе өөр болжээ. Хүмүүс байгаль хамгаалагчдын тавьж буй шаардлагыг зөвөөр хүлээн авч, тусгай хамгаалалттай газар нутагт юуг хориглодог болон ан амьтныг хайрлан хамгаалахын ач холбогдлыг сайтар ухамсарладаг болсон. Хөдөө орон нутаг, тайгаар явахад малчид биднийг эх нутгаа хамгаалж буй хүмүүс хэмээн хүндэтгэж, халуун хоол, цайтай угтдаг болсон шүү дээ. Байгаль хамгаалах нь зөвхөн мэргэжилтнүүдийн ажил биш, харин нийтийн үйл хэрэг гэдгийг иргэд ойлгож эхэлсэнд баяртай байдаг. Угаас бидний хамгийн том ар тал, хүчтэй түшиг тулгуур бол нутгийн иргэдийн оролцоо шүү дээ.
-Таны хүүхэд нас байгальтай салшгүй холбоотой өнгөрсөн шиг, дараагийн үеийн залуус эх дэлхийгээ хайрлах сэтгэлгээтэй болоход юу хамгийн чухал вэ. Өөрийн мэдлэг, туршлагыг дүү нартаа хэрхэн өвлүүлж байна вэ?
-Миний хүүхэд нас Дархадын цэнхэр хотгор, Хөвсгөл нуурын хөвөөнд байгаль эхийнхээ хайр халамж дунд өнгөрсөн. Магад энэ нь өнөөдөр намайг энэ ариун үйлс рүү хөтлөх хамгийн том суурь болсон байх. Дараагийн үеийнхэн маань байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлгээтэй болоход хамгийн чухал зүйл бол амьд холбоо гэж боддог юм. Зөвхөн танхимд сууж, эсвэл дэлгэцээр байгалийг таних биш, өөрийн биеэр тэрхүү гайхамшгийг мэдэрч, өвс ургамал, ан амьтантай ойр дотно өсөх нь хамгийн чухал. Би өөрийн туршлагаа дүү нартаа өвлүүлэхдээ хэд хэдэн зарчмыг баримталдаг. Тухайлбал, залуу хамгаалагчдад зөвхөн заавар өгөөд зогсохгүй, тэдэнтэй хамт хээр гадаа хонож, уул хадаар алхан, энэ албаны хатуужил хийгээд баяр баясгаланг биеэрээ үлгэрлэхийг хичээдэг. Мөн техник, технологи ашиглахаас илүүтэйгээр байгаль эхийг амьд оршихуй гэж харж, түүнтэй зөв харилцах соёлыг зааж өгдөг. “Байгаль хамгаалагч хүн эхлээд өөрөө чин сэтгэлээсээ ариуссан байх ёстой” гэх ах нарынхаа сургаалыг үргэлж сануулж, ажлынхаа утга учрыг ойлгуулахыг зорьдог. Үүнээс гадна сүүлийн 12 жил уулын эзэн цоохор ирвэсийг хамгаалж, баримтжуулж ирсэн мэдлэгээ залуучууддаа харамгүй зориулж байна. Автомат камер суурилуулахаас эхлээд зэрлэг амьтны мөр, зан төрхийг таньж мэдэх хүртэлх бүх л нарийн ширийнийг зааж, тэднийг мэргэшихэд нь тусалдаг. Шинэ үеийнхэн маань биднээс илүү мэдлэгтэй, техник сэтгэлгээтэй болж байгааг хараад үнэхээр их баярладаг. Ер нь тэдний тэрхүү эрч хүчийг байгаль хамгаалах ариун үйлстэй зөв холбож өгөх нь бидний үеийнхний үүрэг шүү дээ.
-Байгаль хамгаалагч хүнд байх ёстой хамгийн чухал чанар юу вэ. Ер нь ямар хүнийг жинхэнэ байгаль хамгаалагч гэх бол?
-Миний бодлоор байгаль хамгаалагч гэдэг зөвхөн мэргэжил биш, энэ бол сэтгэл зүрхний дуудлага, бас үүнийгээ дагаад маш их үүрэг хариуцлага юм. Жинхэнэ байгаль хамгаалагч хүн энэхүү албыг хашихад хамгийн түрүүнд маш сайхан сэтгэлтэй, туйлын шударга нэгэн байх ёстой. Учир нь байгаль эх өөрөө ямар ч худал хуурмаггүй, ариун тунгалаг ертөнц тул түүнийг хамгаалж буй хүн тэрхүү чанарт нь дүйцэж очих учиртай. Хээр тал, гүн тайгад хэн ч хараагүй байхад ганцаараа зүтгэж буй хүнийг зөвхөн түүний мөн чанар л жолоодож байдаг. Хэн нэгэнд харагдах гэж биш, өөрийгөө хуурахгүйгээр чин үнэнчээр хүчин зүтгэх нь энэ ажлын гол мөн чанар. Дүү нартаа хандаж хэлэхэд мэдлэг болон техник, технологийг хэн ч сурч эзэмшиж чадна. Харин байгаль эхээ хайрлах сэтгэл, эр зориг, шударга занг хүн өөрөө л бүтээдэг юм. Хэрэв байгаль дэлхийгээ гэр шигээ санаж, зэрлэг амьтдыг үр хүүхэд шигээ хайрлан, тэдний төлөө хэцүү бүхнийг давах хатуужилтай байж чадвал таныг жинхэнэ байгаль хамгаалагч хэмээн хүндэтгэн нэрлэх болно.
У.Сүрэн