Ус, цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгийнхэн өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчийн арав хоногт Монгол орны нутаг дэвсгэрт хөрсний чийгийн явуулын судалгаа хийснээ танилцууллаа. Тэд хөрс гэсэж буй энэ үеэр газар тариалан бүхий бүс нутагт тодорхойлсон уриншилсан болон гуурстай талбайн 0-20, 0-50 см гүний ашигтай чийгийн нөөцийг үнэлсэн байна. Тэгэхэд Булган аймгийн Хутаг-Өндөр, Бүрэгхангай, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Зэлтэр, Ерөө, Цагааннуур, Баруунбүрэн, Сайхан, Алтанбулаг, Орхонтуул, Зүүнбүрэн, Дархан-Уулын Хонгор сумын IV, V, VI бригад, Алтангадас, Цайдамын талбайд хөрсний чийг хангалтгүй үнэлэгджээ.
Тэгвэл Төв аймгийн Баянчандмань, Жаргалант, Борнуур, Увсын Баруунтуруун, Хөвсгөлийн Эрдэнэбулган, Тариалан (гуурс) Хэнтийн Өмнөдэлгэр, Орхоны Улаантолгойд хийсэн явуулын үнэлгээгээр хөрсний чийг хангалттай гарсан аж. Мөн Архангайн Төвшрүүлэх, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Дорнодын Халхгол, Сэлэнгийн Орхон, Баянгол, Мандал, Хушаат, Төвийн Угтаалцайдам (уринш), Эрдэнэсант, Цээл, Хэнтийн Биндэрт хөрсний чийг дунд зэрэг, Хэнтийн Гурванбаян, Хөвсгөлийн Тариалан (уринш), Төвийн Угтаалцайдамд (гуурс) хангалтгүй үнэлэгдсэн гэнэ.
О.ОРГИЛОХ