МАН-ын Удирдах зөвлөл баасан гарагт “нууцаар” хуралдаж, нийслэлийн ИТХ-ын даргад төлөөлөгч Д.Ихбаярыг нэр дэвшүүлэхээр дэмжжээ. Уг нь үүнээс өмнө дэмжсэнгүй гэсэн мэдээлэл гарсан юм. Тус намынхны талцал, “хор найруулга” үргэлжилж, эцэстээ дэмжих шийдвэр гаргаж чадсан бололтой. МАН-ын Хэвлэл мэдээллийн газрын дарга Ч.БатОргил энэ талаар “Намын дүрэмд энэ асуудлаар Удирдах зөвлөл зөвшилцөнө гэж заасан. Өөрөөр хэлбэл, нийслэл, аймгийн ИТХ-тай холбоотой асуудлыг Удирдах зөвлөлд зөвхөн танилцуулдаг, тиймээс зөвшилцөөд тогтоол гаргасан” гэсэн тайлбар хийв. Үүнд нь МАН-ын тэргүүлэгчдийн гаргасан тогтоолыг үндэслэн Удирдах зөвлөлөөс Д.Ихбаярыг нийслэлийн ИТХ-ын даргад нэр дэвшүүлэхийг дэмжиж, уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхийг хотын парламент дахь МАН-ын бүлэгт үүрэг болгосон байх юм.
Ямартай ч үүний дараа нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаан 19.00 цагт болж, төлөөлөгчдийн 94.4 хувийн саналаар Д.Ихбаярыг хурлын даргаар сонгожээ. А.Баяр энэ бүхнийг эсэргүүцэж, хууль бус хэмээн мэдэгдэж буй ч төлөөлөгчид нь ийнхүү олонхоороо нэг талдаа гарсан аж.
С.Уул