Сүрьеэгийн цахим бүртгэл, мэдээллийн систем (TUBIS)-ийг төр, хувийн хэвшлийн лавлагаа болон анхан шатны эрүүл мэндийн 170 гаруй байгууллага ашиглаж буй. Эл систем нь өвчний тохиолдол бүрийн мэдээллийг бодит цагт суурилан бүртгэж, сүрьеэг оношлохоос эмчилгээний үр дүн гарах хүртэлх бүх үе шатны бүртгэлийг хийж, нэгдсэн мэдээллийн сан үүсгэх юм байна. ХУР системтэй интеграцчилсан бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах аж. Харин өнгөрсөн баасан гаргаас эхлэн дээрх системийн дараагийн үе шат болох TUBIS апплэйкшнийг нэвтрүүлжээ. Ухаалаг утас, таблетын тусламжтай уг апплэйкшнээр дамжуулан асуумж судалгаа бөглүүлж, сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт ашиглах гэнэ. Ингэснээр асуумжийг цахимжуулж, цээжний рентген зураг болон AI үнэлгээг бүртгэх, сэжигтэй тохиолдлыг шинжилгээнд шуурхай илгээх, хариуг нь оруулах, харах, мэдээлэл TUBIS системтэй шууд холбогдох зэрэг ач холбогдолтой аж. Хүний хүчин зүйлээс үүдэлтэй алдаа гарах эрсдэл багасаж, мэдээллийн давхардал арилна гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Сонирхуулахад, энэ сарын 1-3-нд зохион байгуулсан хугацаат цэргийн албаны нэгдүгээр ээлжийн цэрэг татлагын үеэр нийслэлийн зургаан дүүргийн сүрьеэгийн идэвхтэй илрүүлэгт тус аппликэйшнийг ашигласан байна.
Ч.БОЛОР