Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг сайжруулах зорилгоор “Хөрсний ус, үерийн хамгаалалт” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд шуудуу ухалгүйгээр доторлох орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан үерийн хамгаалалтын систем бий болгох гэнэ. Энэхүү технологи нь хуучирсан шугам хоолойг газар ухалгүйгээр дотор талаас нь шинэчлэх боломж олгодог байна. Ингэснээр зам, талбай сэтлэх, хөдөлгөөн хаах зэрэг хүндрэл багасаж, барилгын ажлын явцад үүсэх тоосжилт, дуу чимээ, хөрсний эвдрэл буурах ач холбогдолтой. Төслийн хүрээнд бохир усны нийт 40 орчим км шугамыг шинэчилж, 350 орчим худгийг засварлахаар төлөвлөжээ. Үүний үр дүнд шугам сүлжээний нэвтрүүлэх чадвар 20-30 хувиар нэмэгдэж, ашиглалтын хугацаа 30-50 жилээр уртсах аж. Улмаар гэнэтийн эвдрэл, осол, доголдлын давтамж багасна гэв. Бохир усны алдагдал, нэвчилт буурснаар хөрс болон газрын доорх усыг хамгаалж, эвгүй үнэр, халдвар тархах эрсдэлээс сэргийлэх нь. Түүнчлэн ус зайлуулах системийн хүчин чадал нэмэгдсэнээр их хэмжээний бороо, үерийн үед бохир ус халих, гудамж, талбай усанд автах эрсдэл буурна гэдгийг албаныхан хэлсэн.
О.Оргилох