“Монголын хөрөнгийн бирж” (МХБ) хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбаттай төрийн өмчит компаниудын хувьчлалын асуудал болон хөрөнгийн зах зээлийн хөгжил, чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломжийн талаар ярилцлаа. Тэрбээр БНПУ-ын Варшавын их сургуульд бизнесийн удирдлагын бакалавр, АНУ-д Деполын их сургуульд санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Ажлын гараагаа 2010 онд JP Morgan chase bank-нд банкираар эхлүүлж байсан бол “Голомт капитал ҮЦК”, “Эрдэнэс Тавантолгой майнинг”, “Тавантолгой төмөр зам” зэрэг компанид ажилласан туршлагатай. Улмаар өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас МХБ-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдсон юм.
-Засгийн газраас төрийн өмчит компаниудыг хувьчилж, өмч хувьчлалын хоёр дахь том давлагааг эхлүүлэхээр болсон. Үүний ач холбогдлыг хэрхэн дүгнэх бол?
-УИХ-ын 2025 оны намрын чуулганаар нэр бүхий 18 төрийн өмчит компанийн хувьцааг биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгох үндсэн чиглэлийг хэлэлцсэн. Энэ шийдвэр нь 2022 онд гаргасан хувьчлалын бодлоготой харьцуулахад иргэд, хөрөнгө оруулагчдад илүү сонирхолтой байж болох компаниудыг санал болгосон хэрэг.
Тухайлбал, “Төрийн банк”, МХБ, МИАТ, “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой” компани зэргийг дурдаж болно. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын урьдчилсан тооцоогоор эдгээр компанийн олон нийтээс татан төвлөрүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээ ойролцоогоор гурван их наяд төгрөг болно гэсэн. Гэхдээ компаниудын хэдэн хувийг, ямар дүнгээр үнэлж санал болгохоос шалтгаалж татан төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөх магадлалтай.
Төрийн өмчийг олон нийтийн компани болгосноор засаглал, хяналт сайжирч, эдийн засагт эерэг өөрчлөлт бий болгох олон талын ач холбогдолтой. Тодруулбал, төрийн өмчийн компаниудын ил тод байдал нэмэгдэж, хувьцаа эзэмшигчдийн хяналт бодитоор хэрэгжсэнээр нийтлэг асуудал болох үр ашиггүй байдал болон алдагдлыг бууруулж, тухайн компанийн ашигт ажиллагааг сайжруулж болно. Мөн засаглалын хувьд төлөөлөн удирдах зөвлөлөөр дамжуулан олон нийтийн оролцоо нэмэгдэн, удирдлагын зөв тогтолцоо бүрдэнэ. Түүнчлэн макро эдийн засгийн хүрээнд иргэд эх орныхоо баялгийн хуваарилалтад оролцох, хувь хүртэх боломж нэмэгдэнэ. Хүмүүс санхүүгийн нөөц боломждоо тохируулан хувьцаа худалдан авах, улмаар урт хугацааны хуримтлал бий болгох таатай нөхцөл бүрдэнэ. Мөн компаниудын үр ашиг нэмэгдэх нь эргээд татварын суурь хэмжээг өсгөж, эдийн засгийн өсөлтийг сайжруулна.
-Эхний ээлжид хэзээ, аль компанийг хувьчлахаар бэлтгэж байна. Танайд ирүүлсэн үүрэг чиглэл байна уу?
-УИХ-ын хаврын чуулганаар холбогдох хууль нь батлагдвал юуны түрүүнд хувьцаат компани болчихсон МХБ, Төрийн банкны төрийн эзэмшлийн хувьцааг нэмж борлуулах ажлыг эхлүүлэх боломжтой. Яагаад гэвэл өмнө нь IPO хийгээд олон нийтэд хувьцаагаа санал болгочихсон учраас бэлтгэл ажилд төдийлөн их хугацаа зарцуулахгүй болов уу. Тиймээс энэ оны хоёрдугаар хагаст багтан олон нийтэд хувьцаагаа санал болгочих байх. Харин бусад томоохон компанийн хувьд 2027-2028 онд IPO гаргаж эхлэх төлөвтэй. Компанийн засаглалыг өөрчилж, олон нийтэд нээлттэй компани болгох буюу IPO хийхэд дунджаар 12-24 сарын бэлтгэл ажил шаардана. Тухайлбал, компанийн санхүүгийн тайлан, өр, орлогын харьцаа, зах зээлийн үнэлгээг нь зөв тооцсон, эсэхийг аудитын болон хуулийн компаниуд нарийн нягталдаг.
-Төрийн өмчит томоохон компаниуд IPO хийхэд МХБ-ийн зүгээс ямар бэлтгэл хангаж байна вэ?
-Одоогийн байдлаар МХБ-ээр 162 компанийн хувьцаа, 20 орчим компанийн бонд арилжиж байна. Арилжааг Лондонгийн хөрөнгийн биржийн MIT арилжааны системээр хийдэг. Хүн хүч, бүтэц зохион байгуулалтын хувьд бид хангалттай бэлтгэгдсэн. Тиймээс төрийн өмчит компаниуд бирж дээр IPO хийх, хувьцаа гаргахад ямар нэг ачаалал үүсгэхгүйгээр ажиллана. Харин өмнө хэлсэнчлэн бэлтгэл ажил багагүй бий. Жишээлбэл, тухайн компани олон нийтэд хувьцаагаа санал болгохдоо татан төвлөрүүлэх хөрөнгөө хэрхэн, юунд зарцуулах, улмаар хэр хугацаанд, ямар ашигтай ажиллах болон хөгжлийн нарийвчилсан төлөвлөгөөг тусгасан хөрөнгө оруулалтын танилцуулга бэлтгэдэг. Мөн хувьцааных нь үнэ, компанийн үнэлгээ бодит, эсэхийг хөндлөнгийн санхүүгийн байгууллагаар баталгаажуулна. Ингэснээр хөрөнгө оруулалтын танилцуулга эцэслэн бэлэн болж, Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, биржид бүртгүүлэн арилжаагаа эхлүүлнэ. Эдгээр үйл явцад 12-24 сар зарцуулна. Түүнчлэн хувьцаагаа хэнд санал болгох, ямар хөрөнгө оруулагчид зарах вэ гэдэг мөн л чухал.
-Дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх боломж, нөхцөл хэр байна вэ?
-Манай улсын хөрөнгийн зах зээл гурван их наяд төгрөг төвлөрүүлэх боломж байна уу. Байлаа гэхэд гадаадын, мэргэжлийн, стратегийн хөрөнгө оруулагчид орж ирэх нөхцөл бүрдсэн үү гэдэг зайлшгүй анхаарах асуудал. Мөн л бэлтгэл ажил шаардлагатай гэсэн үг. Жишээлбэл, УИХын 124 дүгээр тогтоолоор МХБ-ийн 15 хувь хүртэлх хувьцааг урт хугацаанд хамтран ажиллах, мэргэжлийн хөрөнгө оруулагчдад санал болгохоор тусгасан. МХБ-ийн үйл ажиллагаанд олон улсын, стратегийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмснээр биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт илүү ойртуулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах платформыг хөгжүүлэх зорилгод нийцэх юм. Өнгөрсөн хугацаанд гадаадын хөрөнгө оруулагчдын тоо багасаж дийлэнх нь дотоодын иргэд болсон. Жишээлбэл, 2026 оны нэгдүгээр улирлын арилжааны идэвхээс харахад гадаадын хөрөнгө оруулагчид гуравхан хувийг эзэлсэн байх жишээтэй. Тиймээс цаашид гадаад хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, гаднын туршлагыг нутагшуулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татахад түлхүү анхаарч ажиллана.
-Гадаадын стратегийн хөрөнгө оруулагчдыг татах сонирхол байна. Бас иргэд ч төрийн өмчөөс хувь хүртэх боломж хайж, хүлээж байгаа. Иргэдийн болон гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоог хэрхэн уялдуулж, яаж хангах вэ?
-Олон нийтийнх болох гэж буй ямар ч компани хөрөнгийнхөө хэдэн хувийг ямар хөрөнгө оруулагчид санал болгохоо эхлээд өөрсдөө тодорхойлдог. Тодруулбал, хувьцааныхаа тэдэн хувийг стратегийн томоохон хөрөнгө оруулаг чид, тэдэн хувийг нь иргэд, олон нийтэд гэх мэтээр зааж, тусгадаг. Энэ бол олон улсын хөрөнгийн зах зээлийн жишиг, зарчим юм. Түүнчлэн хувьцааны арилжаа зах зээлийн зарчмаар явагдана. Хэрэв тухайн үнэт цаасны эрэлт өндөр байгаад босгох мөнгө нь бага байвал хувь тэнцүүлж хувьцаагаа санал болгодог. Монгол Улсын хувьд төр иргэддээ өмчөө санал болгоно гэдэг утгаараа иргэдийнхээ оролцоог хангах нь чухал ч гадаадын шууд хөрөнгө оруулалт татан шинэ мөнгөн урсгал бий болгох, дотоодын зах зээлийн хөрвөх чадварыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой.
-Манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-тэй харьцуулбал олон улсын дунджаас доогуур гэдэг. Энэ нь юуг илтгэж байгаа бол.
-Олон улсын томоохон биржүүдийн зах зээлийн үнэлгээ ДНБ-ээсээ 2-3 дахин өндөр байдаг. Гэтэл манайх одоогоор 14 их наяд буюу ДНБийн 15 орчим хувьтай л тэнцүү байна. Улмаар жилийн арилжааны эргэлт нь 1.5 орчим их наяд төгрөг байгаа юм. Энэ нь манай хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул, хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатайг илэрхийлсэн хэрэг. Тиймээс л бидэнд гадаадын шууд хөрөнгө оруулалт, шинэ мөнгөн урсгал хэрэгтэй байгаа юм. Хэрэв гадаад хөрөнгө оруулалтыг сайжруулж, хөрөнгийн зах зээлийн мөнгөн урсгалыг өсгөж чадвал дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх ч өснө. Зах зээл томрохын хэрээр манай дотоодын аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө босгох боломж ч өсч, эдийн засагт ч өгөөжтэй болно.
-Монголчууд хөрөнгө оруулалтын олон хэрэгсэл ашиглаж хэвшээгүй. Банканд хадгаламжтай юу гэхээс хувьцааны арилжаанд оролцогч цөөн. Энэ нь бид хуримтлал багатай, орлого муутай байдагтай холбоотой юу. Эсвэл хөрөнгө оруулалтын талаарх мэдлэг, мэдээлэл хомс гэсэн үг үү?
-Үүнд олон шалтгаан бий. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлснээр иргэдийн үнэт цаасны талаарх ойлголт харьцангуй сайжирсан. Одоогоор хүн амын 85 орчим хувь нь буюу гурван сая иргэн үнэт цаасны данстай байна. Энэ нь бусад зах зээлтэй харьцуулахад чамгүй өндөр хувь юм. Цаашид үнэт цаасны зах зээлийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх нэлээд өргөн суурь байна гэсэн үг. Гэхдээ иргэн бүр үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн талаар бүрэн дүүрэн мэдлэггүйгээс хөрөнгө оруулах, хувьцаа авах, зарахаас илүү банкны хадгаламжид мөнгөө байршуулах нь амархан байна. Тиймээс МХБ-ийн зүгээс үнэт цааснуудыг багцалж, индексжүүлсэн бүтээгдэхүүн гаргахаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтөө дагаж уул уурхай, дэд бүтцийн индекс, өндөр ашигтай ажиллаж буй санхүүгийн байгууллагуудыг багцалсан индекс, валютын ханшийн өсөлтийг “дагадаг” гадаадын биржид бүртгэлтэй үнэт цааснуудын багцалсан индексийг бий болгон иргэдэд санал болгоно. Ийм бүтээгдэхүүнүүд нь хөрөнгө оруулагчаас санхүүгийн нарийн мэдлэг чадвар шаарддаггүй, эдийн засгийн өсөлтөө дагаад өсөж байдаг хөрөнгө оруулахад хялбар хэрэгсэл юм. Хөрөнгө оруулалтын сангуудын нэгж эрхийг худалдаад авчихсан иргэд заавал хувьцааны тоглолт хийгээд байх шаардлагагүй. Үнэт цаас нь зах зээлийнхээ индексийг дагаад өснө, хүмүүс урт хугацааны санхүүжилт хийж, өгөөжөө хүртээд явна гэсэн үг. Үүнээс гадна манай улсын инфляц өндөр, үүнийгээ хянах зорилгоор мөнгөний чанга бодлоготой. Бодлогын хүү 12 хувьтай байгаа нь үүний илрэл. Бодлогын ийм өндөр хүү нь бусад хадгаламж, бонд, өрийн хэрэгслийн суурь хүү болдог. Суурь хүү өндөр гэдэг нь иргэд хадгаламж сонгох, бонд авах зэргээр хувьцаанаас өөр хэрэгслийг сонгох нөхцөл болж буй. Хэрэв инфляц болон бодлогын хүү бага түвшинд буюу эдийн засгийн нөхцөл сайн байвал иргэдийн хувьцааны арилжааны идэвх өснө. Макро эдийн засгийн бүх үзүүлэлт л хөрөнгийн зах зээлд нөлөөлдөг гэсэн үг л дээ.
-Системийн нөлөө бүхий таван банк IPO хийхэд хүмүүс баярлаж хүлээж авсан. Бүгд л чадах ядахаараа хувьцаа эзэмшихийг хичээсэн. Гэтэл банкуудын дөнгөж 5-10 хувийг олон нийтэд санал болгож, том хувьцаа эзэмшигчид нь хэвээр үлдсэн. Цаашид банкуудын 20- иос доошгүй хувийг олон нийтэд санал болгоно гэсэн нь хэзээ биелэх бол. Банкуудын хувьцаа эзэмшлийн хувийг өөрчлөх, эсэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх талаар ямар ажил хийвэл дээр вэ?
-Арилжааны банкууд IPO хийснээр хөрөнгийн зах зээлийн хөгжилд томоохон түлхэц болсон. Банкны тухай хуульд хувьцааны төвлөрлийг бууруулахаар тусгасан. Гэхдээ дараагийн шатны ажлыг хийж эхлээгүй байна. Түүнчлэн банкуудын хувьцааны ханш унана гэдэг нь ашиггүй ажиллаад байгаа хэрэг биш. Энэ нь хөрөнгийн зах зээлийн хөрвөх чадвар сул, арилжаа бага байгаатай холбоотой. Тиймээс бид зах зээлийн хөрвөх чадварыг сайжруулах, иргэд, компаниудын арилжааны идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн ажил хийж байна. Эхний ээлжид зах зээл үүсгэгч буюу Market maker-ийн функцыг хэрэгжүүлэхээр өнгөрсөн баасан гарагт “Голомт капитал ҮЦК”ийн зах зээл үүсгэгчийн анхны бүртгэлийг хийж, хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Түүнчлэн багц үүсгэж олон хувьцаанд хөрөнгө оруулах боломж бүрдүүлэхээр ажиллаж байна. Дээр дурдсанчлан гурван шинэ индекс зарлана, үүн дээр нэмээд иргэд багцын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулах боломж бүрдэнэ. Үүнээс гадна хувьцаат компаниудын тайлагналын стандартыг шинэ шатанд гаргахыг зорьж байна. Хувьцаат компаниуд цаг хүгацаандаа санхүүгийн тайлангаа танилцуулах, шинжээчид тайланг нь судлахад хялбар, ойлгомжтой байлгах, гадаад хэлээр тайлагнах гэх мэт тайлагналын стандартыг сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд оpen.mse гэсэн дундын мэдээллийн сан үүсгэж, Сангийн яамны e-balance сайттай шууд холбож иргэд, хөрөнгө оруулагчдад тайлан мэдээллийг шуурхай, нээлттэй хүргэх боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр зах зээлийн хөрвөх чадвар сайжирна гэж тооцсон. Хөрвөх чадвар сайжирснаар хөрөнгийн үнэлгээ бодитой болж, үнэ зөв тогтоно. Одоогийн байдлаар манай хөрөнгийн зах зээлийн дундаж P/E харьцаа (үнэ, ашгийн харьцаа) 5-6 байна. Гадаадын зах зээлд эл харьцаа 10-12 байдаг. Гэтэл МХБ-ийн хувьд P/E нь бүр 3.5 байгаа нь манай хувьцааны ханш маш хямд байгааг илэрхийлдэг. Нөгөөтээгүүр, хөрөнгийн зах зээл дэх бүтээгдэхүүний үнэлгээ одоогоор бага байгаа хэдий ч цаашид хөрвөх чадварыг дээшлүүлж, үнэ бодитоор тогтсоноор иргэд, хөрөнгө оруулагчдад тун ашигтай үе ирнэ гэж ойлгож болно.
-Улсын их дэлгүүр, БҮК, “Говь” зэрэг компани ногдол ашиг тараадаггүй, үргэлж өртэй гарлаа гэж иргэд гомдоллодог. Үүний улмаас жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж, ямар ч өгөөж хүртэж чаддаггүй гэдэг. Эдгээрт хөрөнгийн биржээс хяналт тавьдаг уу. Ер нь жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж буй нийтлэг ямар асуудал байна вэ?
-МХБ байгуулагдан, өмч хувьчлал явуулж эхлэхэд МХБ-д 475 компани бүртгүүлж байжээ. Өнгөрсөн хугацаанд тэдгээрээс зарим нь үйл ажиллагаагаа зогсоох, хэлбэрээ өөрчлөх, зөрчилтэй компаниудыг бүртгэлээс хасах гэх мэтээр явсаар одоо 162 компани бүртгэлтэй байна. Энэ хугацаанд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хөрөнгийн зах зээлийн үйл ажиллагаагааг тогтвортой, чанартай хөгжүүлэхийг үргэлж зорьж, бодлого журмаа тогтмол сайжруулсаар ирсэн. Жижиг хувьцаа эзэмшигчдийн зүгээс ногдол ашгийн бодлого тодорхойгүй, ашигтай ажилласан ч яагаад ногдол ашиг хуваарилахгүй байгаад үндэслэлтэй тайлбар шаарддаг. Мөн компанийн засаглал сул, холбоотой этгээдийн хэлцэл ил тод бус, олон нийтэд мэдээллээ цаг тухайд нь хүргэдэггүй зэрэг асуудлыг тавьдаг. Эдгээр нь дан ганц ногдол ашгийн асуудал ч биш, компанийн засаглал, ил тод байдал, зах зээлийн сахилгын асуудал юм л даа. Тиймээс л бид засаглалыг сайжруулах, тайлагналын стандартыг шинэ шатанд гаргах, тайлан мэдээллийг шуурхай, нээлттэй хүргэх боломж бүрдүүлэхээр зорьж, зарим арга хэмжээг аваад байна. Ер нь хувьцаа эзэмшигчид гэдэг бол том, жижиг гэлтгүй эрсдэл хүлээдэг бөгөөд хөрөнгө оруулалтын эрсдэлийн хувьд адил түвшинд байдаг.
-Хувьцаа эзэмшигч гэдэг том, жижиг гэлтгүй эрсдэлээ үүрэх нь. Жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг л зөрчигдөөд, өгөөж хувь хүртэхгүй байна гэж ойлгож болохгүй нь. Тийм үү?
-Тийм. Хувьцаа эзэмшигч бүр заавал ашиг олох албагүй. Ялангуяа богино хугацаанд ашиг олохыг хүсвэл хувьцаа худалдан авах нь тийм ч зөв шийдэл биш. Хариуцлага хүлээж, урт хугацааны өгөөж болон эрсдэлийг сайтар тооцож хөрөнгө оруулах шаардлагатай. -“Эрдэнэс Тавантолгой” компанийн хоёрдогч зах зээлийн арилжааг хэзээ эхлүүлэх бол? -“Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд олгож эхэлсэн нь зах зээлд том алхам болсон. Одоо төрийн өмчит компаниудын хувьчлалаар тухайн компанийн төрийн мэдлийн хувьцааны 10 хүртэлх хувийг иргэдэд санал болгох төлөвлөгөө бий. Харин хоёрдогч зах зээлийн арилжааг яг хэзээ эхлүүлэх талаар одоохондоо тодорхой мэдээлэл алга. Юутай ч хувьцаа эзэмшигч бүр үнэт цаасны данстай, түүгээрээ дамжуулж хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцох эрх нээгдвэл хөрөнгийн зах зээлд бас нэгэн том түлхэц болно.
-Төрийн өмчит компаниудын өр их. Ялангуяа эрчим хүчний салбарын компаниудын өр хэдэн их наяд төгрөгөөр яригдаж байгаа. Ийм өртэй компаниудын хувьчлал амжилттай болох уу. Иргэд, хөрөнгө оруулагчид өртэй компанийн хувьцаа худалдах авахыг хүснэ гэж үү?
-Өртэй компаниудыг хувьчлахгүй, өрийг нь эхлээд дарна гэсэн асуудал байхгүй. Хамгийн гол нь тухайн компанийн урт хугацааны үйл ажиллагааны төлөв чухал. Ашигтай, өгөөжтэй байж чадах уу гэдгийг хөрөнгө оруулагч тооцож, таамаглаж, бас мэргэжлийн зөвлөгөө авч шийдвэр гаргах хэрэгтэй. Өөрийн итгэл үнэмшил, хөрөнгө оруулах боломж зэргээ бодолцох шаардлагатай юм. Нөгөөтээгүүр, төрийн өмчит компаниудын хувьчлалын бэлтгэл ажлын хүрээнд менежментийг нь сайжруулах, үр ашигтай ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай. Олон нийтэд санал болгож буй компаниуд сүүлийн жилүүдэд ашигтай ажилласан байх, ТУЗ болон гүйцэтгэх удирдлага нь засаглалынхаа зарчмаар ажилладаг байх, тайлангаа хугацаандаа гаргадаг байх зэрэг цөөнгүй шаардлага бий. Эл шаардлагуудыг хангаж байж IPO хийнэ.
-Монголын хөрөнгийн зах зээл хэрхэн хөгжиж байна. МХБ-ийн үйл ажиллагааг та хэрхэн дүгнэх вэ?
-Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ сүүлийн таван жилд тав дахин өссөн. Арилжааны идэвх ч хэд дахин нэмэгдсэн. Олон улсын жишигтэй харьцуулахад хөгжил сул байгаа ч таван жилийн өмнөхтэй харьцуулахад үсрэнгүй хөгжсөн гэж хэлнэ. Өдгөө бид 162 хувьцаат компани, хөрөнгө оруулалтын хоёр сан, 20 бонд, хөрөнгөөр баталгаажсан таван үнэт цаас, Засгийн газрын дотоодын үнэт цаасыг арилжиж байна. Уул уурхайн бүтээгдэхүүн ч борлуулж буй. Бид хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж ирэх таван жилд зах зээлийн үнэлгээг ДНБ-ий 25-30 хувьд хүргэх, үүний 10-15 хувьтай дүйцэхүйц хөрвөх чадварын эрэлт бий болгохоор төлөвлөсөн. Ингэснээр манай зах зээл томорч, хөрөнгө босгох боломж улам бүр тэлнэ. Энэ төлөвлөгөөнийхөө дагуу шат дараалсан ажлуудаа хийж байна. Мөн олон улсын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор гадаадын бирж, брокерын компаниудтай технологиор холбогдох шинэчлэл хийж байна.
-Сүүлийн үед хөрөнгө оруулалтын зөвлөхүүд хүмүүст зөвлөх нь олширчээ. Иргэд ч үгийг нь сонсох дуртай болж. Та санхүүч бас МХБ-ийг удирдаж байгаа хүний хувьд иргэдэд санхүү, хөрөнгө оруулалтын талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Ерөөсөө их энгийн. Залуугаасаа, аль болох эрт хуримтлал үүсгэ. Хүүгээс хүү бодогддог буюу нийлмэл хүүгийн өгөөж гэж маш чухал ойлголт бий. Тиймээс хуримтлалаа эрт эхлүүлэх тусам ирээдүйн үнэ цэн, өгөөж нь илүү өснө. Улмаар таны хуримтлал тодорхой хэмжээнд хүрмэгц тэр хөрөнгөө төрөлжүүлж, түргэн хөрвөх чадвартай хадгаламж, харилцах дансанд хийж, хувьцаа, хөрөнгө оруулалтын сангийн эрх худалдан ав. Ер нь бид Монгол Улсынхаа ирээдүйн хөгжилд итгэдэг учраас эндээ амьдарч, ажиллаж байгаа шүү дээ. Тиймээс энэ улсад үйл ажиллагаа явуулж буй дотоодын томоохон хувьцаат компаниудын хэтийн төлөв, хөгжил, үйл ажиллагаанд нь итгээд өнөөдөр хувьцааг нь худалдаж авах, хөрөнгө оруулах нь компанид ч, танд ч өгөөжтэй. Улсын эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлнэ. Мөн үнэт цаасны хөрөнгө оруулалт бол урт хугацаанд өгөөжөө өгдөг, санхүүгийн сахилга бат шаарддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.