- Иоджуулсан давсны хэрэглээ 89.1-ээс 57.6 хувь болж буурчээ –
Монгол Улс 1990 оноос хүн амын дундах иод дутлын эмгэгийн тархалтыг тандах, хянах, сэргийлэхэд онцгой анхаарч, давсыг иоджуулан хүнсэнд хэрэглэж ирсэн. Энэ хугацаанд Иод дутлын эмгэгтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг гурван ч удаа хэрэгжүүлсэн билээ. Үүний үр дүнд буюу 1995 оноос хойш иоджуулсан давсны хэрэглээ тогтмол нэмэгдсээр 2010 онд 89.1 хувьд хүрсэн байна. Гэтэл 2017 оноос хойш эл үзүүлэлт аажим буурсаар өнгөрсөн жил айл өрхийн 57.6 хувь нь л хүнсэндээ иоджуулсан давс хэрэглэж байгаа нь тогтоогджээ. Энэ нь иод дутлаас хамааралтай эмгэг, өвчлөлийг ихэсгэх эрсдэлтэйг эмч, мэргэжилтнүүд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, бамбай булчирхай нь өвдсөн гурван хүн тутмын хоёр (71 хувь) нь иод дутлаас үүдэлтэй байжээ. 40-49 насанд хамгийн их буюу 65.2 хувьд иод дутлаас үүдэлтэй бамбай булчирхайн эмгэг илэрсэн гэнэ.
Уг өвчлөл нь бамбай булчирхайн эмгэгийн 5.5 хувийг эзэлж буйг Монгол Улсын хүн амын хоол, тэжээлийн VI судалгаанд дурджээ. Уг судалгааг таван жилд нэг удаа хийдэг бөгөөд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ)-ийнхөн хамгийн сүүлд гаргасан тоо баримтыг өнгөрсөн онд олон нийтэд танилцуулсан. Иоджуулсан давсны хэрэглээ эрс багасаж, үүнээс шалтгаалсан эмгэг ихсэх хандлагатай байгаа тул төр засаг анхаарч, даруй арга хэмжээ авах шаардлагатайг тус төвийнхөн сануулсан юм.
БАМБАЙ БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨЛ ХҮН АМЫН ДУНД ИХСЭВ
НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны дарга Э.Пүрэвсүрэнгээс иоджуулсан давсны хэрэглээ буурсан шалтгаан болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулсан юм. Тэрбээр, “Хүмүүс давсны хэрэглээгээ хязгаарлаж буй нь сайн хэрэг. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөснөөр насанд хүрсэн хүн хоногт таван гр давс хэрэглэх нь зүйтэй. Ингэхдээ иоджуулсан давс сонгох хэрэгтэй байна. Манай улс 1996 оноос Иод дутлын эмгэгтэй тэмцэх хөтөлбөр хэрэгжүүлж, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн болох давсыг иоджуулан хүнсэндээ хэрэглэж эхэлсэн. Гэвч судалгаанаас харахад сүүлийн жилүүдэд иоджуулсан давсны хэрэглээ тогтмол буурч байна. Хүмүүс үндэсний үйлдвэрээ дэмжиж, нуурын, уулын болон жамц давсыг ихээр хэрэглэх болсон. Тэдгээрийг иоджуулаагүй тохиолдолд энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Манай улс далайд гарцгүй орон. Тиймээс иод ихээр агуулсан, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ бага, эл эрдсийг хоол хүнснээр дамжуулан авах боломж хязгаарлагдмал. Тиймээс иодын агууламжтай давсыг хүнсэндээ өргөнөөр ашиглах шаардлагатай. Шинжлэх ухаан, технологийн сангийнхантай хамтран явуулсан судалгаанаас харахад иод дутлын шалтгаантай бамбай булчирхайн өвчлөл нэмэгджээ. Тухайлбал, 1990-ээд оны үед хүн амын дунд түгээмэл тохиолдож байсан бамбайн дааврын өөрчлөлт, булчирхайн өвчлөл нэмэгдэж байгаа. Цаашид иоджуулсан давсны хэрэглээ энэ хэвээр буурсаар байвал өсвөр насны хүүхдүүдэд бамбай булчирхай томрох өвчлөл ихсэх эрсдэлтэй” гэв. Мөн тэрбээр 2020 оноос хойш бамбай булчирхайн өвчлөл хүн амын дунд ихэссэн. Үүний хэдэн хувь нь иодын дутлаас үүсэж буйг тодруулах, судлах хэрэгтэйг онцолсон юм.
Иод нь хүнсний бүтээгдэхүүнд агуулагддаг эрдэс бодис бөгөөд бамбай булчирхайн даавар үүсгэхэд чухал үүрэгтэй оролцдог. Мөн ураг, нярайн хөгжил, тархины үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл, бамбай булчирхай нь бодисын солилцооны үйл ажиллагааг гол зохицуулдаг даавар ялгаруулдаг тул хүний биед ямар чухал нөлөөтэй нь ойлгомжтой юм. Гэтэл жирэмсэн эмэгтэйчүүдийн шээсэн дэх иодын дундаж хэмжээ (нэг литр дэх микрограмм) байгаа нь ДЭМБ-аас зөвлөсөн лавлах хэмжээнээс хэт доогуур, иод дуталд өртөх эрсдэл өндөр буйг Хүн амын хоол тэжээлийн VI судалгааны үр дүнд гаргасан байна. Мөн жирэмсэн эмэгтэйчүүдийн иод дутал, иоджуулсан давсны талаарх ойлголт 2017 онд хийсэн дээрх судалгааны дүнгээс буурчээ. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн шээсээр ялгарах иодын дундаж хэмжээ зохистой түвшинд хүрэхгүй, өмнөх судалгааны дүнгээс 144.6 мкг/л буурсныг НЭМҮТ-ийнхөн хэлэв. Иймд сургууль, цэцэрлэг, нийтийн хоолны газрын гал тогоонд иоджуулсан давс хэрэглэж буй, эсэхийг хянах, анхаарах, хариуцлагажуулах тогтолцоо шаардлагатай болжээ.
Манай улсад газар нутаг, бүсчлэлээс хамааран хүн амд иодын дутал харилцан адилгүй илэрдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүс нутгийн хөрс, усны иодын агууламж ямар байхаас хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө шууд хамаардаг. Тухайлбал зүүн бүс, ялангуяа Дорноговь, Дундговь зэрэг аймагт иодын дутал бага бол баруун бүсийн аймгуудад элбэг тохиолддог байна. Тодруулбал, баруун, хангай бүсэд өрхийн давсны дээжид агуулагдах иодын дундаж хэмжээ 13.3 мг/кг, төв болон зүүн бүсийнх 15.6-20.6 мг/кг аж. Харин Улаанбаатар хотын хүн ам 13.2 мг/кг иод агуулсан давсыг хүнсэндээ хэрэглэж буй гэсэн үр дүн гарчээ. Энэ нь 2010, 2017 оны Хүн амын хоол тэжээлийн судалгааны дүнгээс хоёр дахин буурсан үзүүлэлт гэнэ. Нөгөө талдаа иоджуулаагүй давс хэрэглэдэг өрхийн тоо нэмэгдэж, 2017 оны судалгааны түвшнээс 11.4 пунктээр ихэссэн байна. Иймд айл өрхийн иоджуулсан давсны хэрэглээг тэлэхэд онцгой анхаарахгүй бол иод дуталд өртөх эрсдэл нэмэгдсээр байгааг судлаач, мэргэжилтнүүд анхааруулах болов.
ОЮУНЫ ЧАДАМЖИЙГ 10-15 ХУВИАР БУУРУУЛДАГ
Хүний бие, махбодь хангалттай хэмжээний иод авч чадахгүй байх үед дутал үүсдэг. Бид хоол хүнсээрээ дамжуулан иодын хэрэгцээг бүрэн нөхөж чадахгүй. Тиймээс иодоор баяжуулсан давсыг хүнсэндээ хэрэглэх нь хамгийн мэргэн арга байв. Гэвч харамсалтай нь, хүн амын дунд, тэр дундаа орон нутагт иоджуулсан давсны хэрэглээ буурч, энэ талаарх иргэдийн мэдлэг, мэдээлэл хомс болсон нь хортой уршиг дагуулж мэдэхээр байгааг Хүн амын хоол тэжээлийн VI судалгаа “илчлэв”. Дээр хэлсэнчлэн иод нь бамбай булчирхайн даавар үүсгэхэд зайлшгүй шаардлагатай. Дутагдсан тохиолдолд бамбай булчирхайн олон төрлийн өвчлөлөөс гадна урагт төрөлхийн согог, оюуны бэрхшээл үүсгэх, зулбах, дутуу төрөх зэрэг аюул дагуулдаг байна. Тиймээс жирэмсэн болон, хөхүүл эмэгтэйчүүд өдөрт 220-290 мкг иод хэрэглэхийг эмч нар зөвлөдөг юм.
Манай улс үндэсний хөтөлбөр боловсруулж, давсыг иоджуулах тухай хууль хүртэл гаргаж байсан нь иод дутлын эмгэгийг гурав дахин бууруулж чадсан. Гэвч 2003 онд баталсан Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг 2019 онд хүчингүй болгосон юм. Хууль, эрх зүйн орчин ийн “бүдгэрснээр” хүн амын дундах иодын хэрэглээ буурч, ирээдүйд учрах эрсдэлийг нэмж байна. Иймд Баяжуулсан хүнсний тухай хуулийг хөрсөнд буулгаж, хэрэгжүүлэхэд анхааръя. Цэцэрлэг, сургууль, нийтийн хоолны газруудад “хуурамч” давс хэрэглэж буй, эсэхийг хянаж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэх шаардлага тулгараад байна. Үгүй бол эхийн хэвлийд ураг торнихоос эхлээд хүүхдийн тархины хөгжил, бие махбодийн эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй эрдсийн дутагдалд нийтээрээ өртөхөд ойрхон болжээ.
АНУ, Швейцарь, Япон зэрэг улс хүн амаа иодын дутлаас бүрэн сэргийлж чадсанаараа үлгэр дуурайл болдог. Иодын дутал нь оюуны чадамжийг 10-15 хувиар бууруулдаг болохыг олон улсад хийсэн судалгаа, шинжилгээний дүн нотолсоор байна. НҮБ, ДЭМБ-аас дэвшүүлсэн зорилтын хүрээнд бол Монгол Улс аль 2000 онд иод дутлын эмгэгээс ангижирчих байв. Гэтэл 1990 он руугаа “буцаж”, иод яагаад хэрэглэх ёстойг ухуулахдаа тулчихлаа. Давснаас гадна өндөг, цэвэр усыг иодоор баяжуулж, худалдаанд нэвтрүүлсэн ч нийлүүлэлт хангалтгүй, эрэлт ч бага хэвээр. Учир нь иргэд иодыг “тоохоо” больжээ. Монголчуудын энэ хэнэггүй зан иодын дуталд хүргэх эрсдэл дагуулж буйг НҮБ сануулж, дотоодын, импортын давсыг иоджуулан хүнсэнд хэрэглэхийг зөвлөсөн байна билээ.
Ч.Цэлмэг