Монгол орны нийт нутгийн 20.8 хувьтай тэнцэх 32.8 сая га талбай бүхий 120 тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН) улсын тусгай хамгаалалтад байдаг. Цаашид улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлж, 2030 онд 30, 2050 он гэхэд 35 хувьд хүргэх зорилт дэвшүүлснийг Тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлалыг танилцуулах, олон нийтэд хүргэх, санал солилцох уулзалтын үеэр онцоллоо. Монголын байгалийн өв сангаас өчигдөр уг уулзалтыг зохион байгуулж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг, хуульч Р.Лхагвабаяр нар хуулийн төслийн агуулга, ач холбогдлын талаар танилцуулсан юм.
Манай улс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг анх 1994 онд баталсан бөгөөд өдгөө 32 жилийн хугацаанд 17 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Гэхдээ хуулийн үндсэн агуулгыг хөндөөгүй аж. Өөрөөр хэлбэл, тухайн бусад хуульд өөрчлөлт оруулсантай холбогдуулан цөөнгүй удаа “гар хүрсэн” ч дорвитой шинэчлэл хийгээгүй гэсэн үг. 1994 онд дээрх хуулийг баталснаар Хан Хэнтийн нуруу, Хангайн нуруу, Монгол Алтайн нуруу, говь, хээрийн экосистем, Хөвсгөл, Увс, Хар ус, Тэрхийн цагаан, Буйр зэрэг томоохон нуураас гадна Орхон, Туул, Хэрлэн, Онон зэрэг голын эхийг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Товчхондоо, Монгол Улсын экологийн аюулгүй байдлыг хангах, байгалийн бүс, бүслүүр, ховор ан амьтан, ургамлыг хамгаалалтад авч, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ байгуулах, хөгжүүлэхэд салбарын хууль чухал хувь нэмэр оруулсан юм. Харин одоогийн нийгэм, цаг үеийн өөрчлөлттэй холбоотойгоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэч лэх зайлшгүй хэрэгцээ, шаардлага тулгарсныг мэргэжилтнүүд онцолсон. Хамгийн “урт настай” гэж хэлж болохуйц уг хуульд ямар нэмэлт, өөрчлөлт оруулсан бол.
ХАМГААЛАХ УЧИРТАЙ 20.8 ХУВЬ
Уур амьсгалын өөрчлөлт Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд тулгамдсан асуудал болсон. Манай улсад цаг агаарын гаралтай байгалийн гамшигт үзэгдлийн давтамж 2043 өдрөөр нэмэгдэж, гол, мөрөн хурдацтай ширгэн, мөнх цэвдэг сүүлийн 50 гаруй жилд 33.7 хувиар хумигдсан байна. Түүнчлэн Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай доройтжээ. НҮБ-ын Биологийн олон янз байдлын талуудын 15 дугаар бага хурал (COP 15) 2030 он гэхэд манай гараг дэлхийн эх газар, далай тэнгисийн 30 хувийг хамгаалах, санхүүжилтийг сайжруулах зорилт баталсан билээ. Эдгээр нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг шинэчлэн батлах хуулийн шаардлага үндэслэл болж буй. Нөгөө талаас хуулийн хэрэгжилтийн үр дагаврыг олон улсад хүлээн зөвшөөрсөн арга зүйгээр үнэлэхэд зайлшгүй шинэчлэх шаардлагатай нь илүү тодорхой болжээ.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 10 бүлэг, 59 зүйлтэй. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хууль найман бүлэг, 44 зүйлтэй. Нэр, томьёоны тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, бусад хууль тогтоомжтой уялдуулан, зөрчил, давхардлыг бууруулсан байна. Мөн ТХГН-ийн харилцаанд баримтлах зарчмыг өнөөгийн нийгэм, эдийн засгийн шаардлага болон олон улсын жишигт нийцүүлэн шинээр тодорхойлжээ.
Дээр дурдсанчлан Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 20.8 хувь нь улсын тусгай хамгаалалттай бөгөөд үүнийг дархан цаазтай, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт газар хэмээн дөрөв ангилж буй. Хуулийн шинэчилсэн найруулгад ч эл ангиллаар тусгай хамгаалалтын газрыг бүрдүүлж байна. Харин 1997 онд баталсан Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг шинэчилсэн найруулгын төсөлд нэгтгэж, нэг хууль болгосноороо онцлогтой. Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуульд энэ хугацаанд хоёр удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл, манай улсын харж баясаж, хайрлаж, тордох учиртай 32.8 сая га талбайн хамгаалалтын асуудлыг энэ хоёр хуулиар зохицуулж буй. Ирээдүйд бид уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэрлэн үлдэх, хоргодох газар, шаардлагатай үедээ ашиглах нөөцөө л хамгаалж байна гэсэн үг. Тиймээс эл хуулийн ач холбогдол маш өндөр болохыг хуульчид хэлсэн.
ХУУЛИАС ДАВСАН ЖУРАМ БАЙХ ЁСГҮЙ
Тусгай хамгаалалттай бүсийн газар ашиглалтын харилцааг хуулиар нарийвчлан тогтоох шаардлагатай байгааг төсөл боловсруулагчид онцолсон юм. Тусгай хамгаалалттай, дархан цаазтай Богдхан ууланд газар ашиглах эрх олгосноос өнөөгийн замбараагүй байдал үүссэн. Энэ нь 2001 онд байгаль орчны тухайн үеийн сайд дархан цаазат газарт газар ашиглуулах түр журам гаргаснаас үүдэлтэй. Хуулиас давсан журмын балгаар Богдхан уулын нэгээхэн хэсэг хүний хөлд талхлагдсан. Дархан цаазат газарт газар ашиглуулах бол журмаар бус, хуулиар зохицуулах ёстой учир үүнийг шинэчилсэн найруулгад илүү тодорхой тусгажээ. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийн хэрэглээ хангалтгүй байгаа бөгөөд тусгай хамгаалалттай 120 газарт орчны бүс бий, эсэх талаар нэгдсэн тоо байдаггүй аж. Тухайн орон нутгийн Засаг дарга нь байгаль орчиндоо ээлтэй хүн бол орчны бүс тогтоох зэргээр хуулийг дагаж мөрддөг. Ихэнх тусгай хамгаалалттай газарт эл бүсийг тодорхой болгоогүй байдаг гэнэ.
ТХГН-ийн хамгаалалтын үйл ажиллагааг улсын төсвөөр санхүүжүүлдэг. Тусгай хамгаалалттай газруудад нийт 860 орчим хүн ажиллаж буй. Улсаас олгож буй төсвийн 90 хувь нь урсгал зардалдаа л таардаг аж. Үлдсэн багахан хувийг байгаль хамгаалахад зарцуулж буй нь хангалтгүй хэмээн хуулийн төсөл боловсруулагчид хэлсэн. Байгаль орчны салбарынхан олон улсын байгууллагын хандив, тусламжаар л болгож ирснийг ч тодотгосон. Мотоциклоос эхлээд унаа тэрэг, тоног төхөөрөмжийг ихэвчлэн олон улсын байгууллагын тусламжаар бүрдүүлдэг нь эрсдэлтэй тул санхүүжилтийн асуудлыг хуульд нарийвчлан оруулсан байна. Өөрөөр хэлбэл, хамгаалалтын захиргаа нь орлого олдог, өөрийгөө санхүүжүүлдэг, энэ нь тогтвортой үргэлжлэх шаардлагатай. Олон улсын байгууллагынхан нэг л өдөр гар сунгахаа больчихвол яах вэ гэдгийг бодолцох хэрэгтэй гэнэ.
СУУРЬШЛЫН БҮСИЙГ ЗӨВШӨӨРДӨГ Ч ХАТУУ ШААРДЛАГА ТАВЬДАГ
Шинэчилсэн найруулгад Үндэсний сүлжээ, ангилал дотоод бүс хэмээх бүлэг оруулжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн систем бий болгосноор төрийн байгууллагуудаас өгдөг зөрүүтэй тоо баримтыг нэг мөр цэгцлэх аж. Өөрөөр хэлбэл, улсын тусгай хамгаалалттай газрын хувь хэмжээнд орон нутгийн тусгай хамгаалалттай нь ордоггүй. Мөн олон улсын гэрээ конвенцоор хамгаалагдсан газар нутаг гэж бий. Олон давхар хамгаалагдсан газар нутгийг мөн ойлгомжтой зохицуулахаар тусгасан байна.
Түүнчлэн хамгаалалттай газар нутгийн шалгуур үзүүлэлт нь товчхон, ганц өгүүлбэр төдий байсныг олон улсын байгууллагынхантай зөвлөж, босгыг өндөрсгөжээ. Тухайлбал, нөөц газар гэхэд 4-5 шалгуур үзүүлэлттэй байх нь. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн дотоод бүсийн дэглэм, хориглох үйл ажиллагааг илүү тодорхой болгожээ. Дотоод бүсийн дэглэмийг сайжруулснаар нутгийн иргэд хадлан, бэлчээр болон ахуйн хэрэгцээнд зориулж, газар ашиглах боломжтой болж буй аж. Өмнө нь бий болсон суурьшлын бүсийг зөвшөөрөх, цаашид тэлэхгүй байх эрх зүйн боломж бүрдүүлсэн байна.
Р.ЛХАГВАБАЯР: ГАЗАР АШИГЛАХ ХУГАЦААГ 15 ЖИЛ БАЙХААР ТУСГАСАН
Хуульч Р.Лхагвабаяраас зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлд Богдхан уул, Тэрэлж орчимд суурьшлын бүс үүссэн. Хуулийн төсөлд эл асуудлыг хэрхэн шийдвэрлэхээр тусгасан бол?
-Энэ нь зөвхөн манай улсад тулгамдсан асуудал биш. Дэлхийн олон улсад тусгай хамгаалалттай газар нутагт нь томоохон хот, суурьшлын бүс бий болж, аялал жуулчлалыг дагаад барилга байгууламж, оршин суугчдын даац хэтэрсэн тохиолдол гардаг. Үүнд хоёр гол асуудал яригддаг. Нэгдүгээрт, хамгаалалтын бүсэд дэд бүтэц байж болно. Жишээ нь, төмөр зам барих, уулын зам тавилаа гэхэд нүхэн гарц заавал байх шаардлагатай. Нүхэн гарцаар буга, согоо, ан амьтан чөлөөтэй явж, усаа уудаг, нүүдэллэх боломжтой байх ёстой. Амьтан, ургамлын шилжилт хөдөлгөөн, өсөлт, үржилтэд сөргөөр нөлөөлж болохгүй. Мөн хиймэл гэрэлтүүлэг, дуу чимээг хориглодог. Амьтан, ургамал хоорондоо холбогдох, бие биеэ таньж мэдэхэд нь их дуу чимээ, тод гэрэл сөргөөр нөлөөлдөг. Тухайлбал, Зайсан ор чимд 22.00 цагаас хойш тод гэрэлтэй том самбар байршуулж, автомашины чанга дуу чимээ гаргаж болохгүй гэсэн үг. Амьтад нэгнээ таньж мэдэх, сонсох чадвар нь буурснаар нөхөн үржихүйн үйл ажиллагаанд саад учруулдаг гэж үздэг байна. Ийм бүсэд гэрийн тэжээвэр амьтныг сул чөлөөтэй орхиж болохгүй. Нохой уугуул амьтныг барих, халдварт өвчин тараах эрсдэлтэй. Хоёрдугаарт, тусгай хамгаалалттай газар нутагт тогтмол судалгаа хийх ёстой. Зэрлэг амьтан, ургамлаас хүнд халдвар тархах эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, тусгай хамгаалалттай газарт суурьшлын бүс байгаа тохиолдолд эмч, байгаль хамгаалагч тогтмол судалгаа, шинжилгээ хийх хэрэгтэйг олон улсын мэргэжилтнүүд зөвлөдөг.
Богдхан уулын орчимд барилга байгууламж барих, газар ашиглах эрхийн гэрчилгээг түр буудаллах, отоглох цэг гэдгээр зөвшөөрдөг. Хууль хэрэгжүүлэх явцад сайд дарга нар дүрэм, журам батлаад үйлчлэх агуулгыг нь сулруулчихсан. Жишээ нь, аялал жуулч лал гэдэгт чухам юуг хамааруулах юм. Жуулчны бааз, амралтын газар байх юм уу, олон нийтэд зориулсан спортын талбай байгуулах уу гээд тодорхой биш зүйлс бий. Хоёр давхар хаус барьчхаад аялал жуулчлалын зориулалттай гээд зогсож байдаг. Иймд шинэчилсэн найруулгаар аялал жуулчлалын үйл ажиллагааг дэмжих, боломжийг нь нээж өгөх эрх зүйн зохицуулалтыг илүү тодорхой болгосон. Суурьшлын асуудал нь Богдхан уулын тусгай хамгаалалттай газар нутгийн 5.6 хувийг эзэлж байгаа. Энэ нь байгалийн хэв байдлыг алдагдуулсан гэж үзвэл бас өрөөсгөл.
-Зарим аймаг, сумын газар нутгийн 90-ээс дээш хувийг тусгай хамгаалалтад авсан байдаг гэлээ. Энэ тохиолдолд иргэн газар ашиглах эрхтэй юү?
-Тухайн нутгийн малчин иргэн болон аялал жуулчлалын зориулалтаар газар ашиглах асуудал нь ялгаатай юм. Хэдэн үеэрээ амьдарсан малчдад өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар ашиглах эрхийг нь зөвшөөрдөггүй, харин уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийг хориглоогүй байдаг. Хуулийн төсөлд өвөлжөө, хаваржааны газар болон үл хөдлөх хөрөнгийг эрхийн бүртгэлтэй холбож, зориулалтыг нь өөрчлөхгүйгээр өвлүү лэх боломж бүрдүүлсэн.
Тусгай хамгаалалттай газарт аялал жуулчлал маш чухал. Аялал жуулчлалын үйл ажиллагааны 80 хувь нь байгалийн үзэсгэлэнт, цогцолбор газарт явагддаг. Дотоод, гадаадын жуулчид ялгаагүй тусгай хамгаалалттай газар нутагт л очиж нүд баясгаж, сэтгэлээ сэргээдэг. Ийм газарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд одоо таван жилийн хугацаатай газар ашиглах эрхтэй байна. Үүнийг 15 жил болгон хугацааг нь уртасгаж өгсөн. Байшингаа бариад, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ батлуулж байтал таван жилийн хугацаа нь дуусчихдаг, эрхээ сунгах гэж хугацаа ордог. Нөгөөтээгүүр шаардлагыг тодорхой болгосон. Тухайн нутгийн иргэдийг авч ажиллуулах, байгалийг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэх, орчныг бохирдуулахгүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг тодорхой заалт оруулж өгсөн. Өөрөөр хэлбэл, жуулчны бааз, амралтын газар, дэд бүтэц гэсэн хүрээнд л аялал жуулчлалыг хөгжүүлэхээс бус, хэдэн давхар орон сууц барьчихвал эрхийг нь цуцалж, объектыг буулгана. Мөн тухайн барилга, байгууламж нь байгалийн унаган төрхийг далдлахгүй, үзэмжид нөлөөлөхгүй байх ёстой.