Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ)-наас малын эрүүл мэндийг хамгаалах ажлын хүрээнд БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2019-2023 онд “Мал эмнэлгийн чадавхыг сайжруулж, жижиг амьтны эмнэлэг байгуулах” төсөл хэрэгжүүлжээ. Тэгвэл энэхүү төслийн хоёр дахь үе шатыг эхлүүлж, бод малын эмнэлэг байгуулах болсноо салбарын яамнаас мэдээллээ. Үүний хүрээнд Өмнөд Солонгосын олон улсын төсөл хэрэгжүүлэгч WOSEM компанийнхан Монголд ажиллаж, төслийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэнтэй уулзаж, санал солилцлоо.
WOSEM компанийн дэд ерөнхийлөгч Жон Жэ Хүн, “Кёнпүк” үндэсний их сургуулийн профессор Чу Гыл Жэ, багш Жан Чол нар төслийг монгол малын эрүүл мэндийг сайжруулах, нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах хүрээнд болон Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга, НҮБ-ын Дэлхийн адууны өдрийн тухай 100 дугаар тогтоолын хэрэгжилттэй уялдуулан хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлэв. Ингэхдээ бод малын эрүүл мэнд, үүлдэр угсааг сайжруулах, эмчилгээ, оношилгоо, үржлийн менежментийг боловсронгуй болгох, тэр дундаа монгол адууны генфондыг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар тохирсон байна.
О.Оргилох