Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, Баруун салааны гол, Бумбат булгийн усыг хуримтлуулах хөв цөөрөм байгуулж, ашиглалтад орууллаа. Усны газар болон дүүргийн ДТГ-ын захиалгаар “Престиж инженеринг” компанийнхны гүйцэтгэсэн энэхүү төслийг “333 нуур” болон “Нэг сум-нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард эхлүүлсэн байна. Үүний хүрээнд Богдын даваанаас эх аван урсаж буй Баруун салааны гол, Бумбатын усыг хуримтлуулах 16.9 мянган шоо метр эзлэхүүнтэй хөв цөөрөм, явган хүний болон дугуйн 800 гаруй метр зам байгуулан, зургаан байршлыг камержуулж, нарны зайгаар ажилладаг 67 гэрэлтүүлэг, сандал суурилуулж, хашааны гаднах болон доторх тохижилтыг гүйцэтгэжээ. Ингэснээр гадаргын усан хангамжийг сайжруулж, хуримтлуулан, агаарын чийгшлийг 5-15 хувиар нэмж, тоосжилтыг 20-50 хувиар бууруулахаас гадна Баруун салаан дахь 3191 өрхийн 10 мянга орчим иргэнийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэж буй юм.
Бумбатын төгөлд дүүргийн “Дэд бүтцийн хөгжлийн алба” ОНӨААТҮГ, Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагчид хамтран 2000 жимсний мод тарьж, усалгааны иж бүрэн систем, 10, 20 тоннын усны нөөцийн сав суурилуулсан байна. Түүнчлэн тус газраас рашаан орчимд 1000 ширхэг улиас тарьсан бол дүүргийн 43 дугаар хороо, Засаг даргын эрхлэх хүрээний байгууллагууд хамтран 9000-ыг нэмж суулгажээ.
О.Ундрах