Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд “Дохионы хэлмэрч” үйлчилгээг нэвтрүүлж эхэлсэн талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэв. Тус газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс энэ сарын 14-нөөс эхлэн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэдээс 24 цагийн турш шуурхай хүлээн авах зорилгоор дохионы хэлмэрч ажиллуулж эхэлсэн байна. Тодруулбал, яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугаарт “хэлмэрч”, “deaf” гэсэн түлхүүр үгийг зурвасаар ирүүлснээр дүрст дуудлагын холбоос тухайн хүнд очих бөгөөд үүний дагуу үйлчилгээ авах юм байна. Мөн цагдаагийн байгууллагын “102 Police” аппликэйшн ашиглан дуудлага, мэдээлэл өгч болно. Түүнчлэн “И-Монголиа” аппликэйшнээр дамжуулан SOS яаралтай тусламж дуудах хэсгийг дарж, 101, 105 дугаарт дуудлага өгөх боломжтой.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд “Сонсголын бэрхшээлтэй хүн цагдаа, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдлын албаны тусгай дугаарт текст мессеж, дохионы хэлний хэлмэрчийн зайн дүрс, ярианы тусламжтайгаар хандаж, үйлчилгээ авах боломжийг төрөөс бүрдүүлнэ” гэж заажээ.
Ч.Цэлмэг