
БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар Өмнөд Солонгост уулзжээ.
Уулзалт 10-р сарын 30-ны үд дундад Өмнөд Солонгосын Пусан хот дахь Кимхэ агаарын баазад болж, 1 цаг40 минут үргэлжисэн байна..
Өмнө нь БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэхдээ, удирдагчид хоёр улсын харилцааны хөгжлийн талаар хэлэлцэж, талуудын нийтлэг ашиг сонирхолд нөлөөлж буй асуудлуудыг хөндөж, Украины асуудлыг шийдвэрлэх талаар ярилцана гэжээ.
Үүнээс гадна уулзалтаар ОХУ-ын газрын тос худалдан авах асуудлыг хөндөх болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Уулзалтын эхэнд Америкийн удирдагч Хятадын түншээ угтан авч, Бээжин, Вашингтон хоёр олон асуудлаар аль хэдийн тохиролцоонд хүрсэн бөгөөд дээд хэмжээний уулзалтаараа энэ ажлаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдэв.
Эл уулзалтын үр дүнд Хятадтай худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг Трамп үгүйсгээгүй байна. Тэрээр мөн Ши Жиньпинтэй үргэлж сайн харилцаатай байснаа тэмдэглэв.
"Ши дарга бол агуу улсын агуу удирдагч. Бид удаан хугацаанд гайхалтай харилцаатай байх болно гэдэгт би итгэлтэй байна" гэж Ерөнхийлөгч хэлэв.
Үүний зэрэгцээ Трамп БНХАУ-ын удирдагчийг "амаргүй хэлэлцэгч" гэж нэрлээд, энэ бол "сайн биш" гэж гомдолложээ.
Ши Жиньпин өөрийн зүгээс хоёр улс нэг нэгнийхээ амжилт, хөгжил цэцэглэлтэд тусалж чадна гэж тэмдэглэв. Тэрээр олон жилийн турш БНХАУ, АНУ хоёр найз нөхөд байх ёстой гэсэн бодлогыг тууштай, ил тод дэмжсээр ирсэн гэдгээ онцоллоо.
Ши Жиньпин БНХАУ болон АНУ дэлхийн хоёр том эдийн засагтай орон бөгөөд хоорондоо санал зөрөлдөөн зайлшгүй гэдгийг тэмдэглээд, хоёр улсын тогтвортой хамтын ажиллагааг хангахын тулд тулгарч буй бэрхшээлийг үл харгалзан харилцаагаа зөв чиглэлд үргэлжлүүлэх нь чухал гэдгийг онцоллоо.
Үүний зэрэгцээ Ши Жиньпин Хятадын хөгжил, сэргэлт нь Ерөнхийлөгч Трампын "Америкийг дахин агуу болгох" зорилгод харшлахгүй гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Үүний дараа Ши Жиньпин, Дональд Трамп нар хаалттай хэлэлцээ хийжээ. Америкийн талаас Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, Худалдааны төлөөлөгч Жеймисон Грир, Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны сайд Ховард Лутник, Тамгын газрын дарга Сюзи Уайлс, АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Дэвид Пердью нар оролцов.
Хятадын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд Ван И, түүний орлогч Ма Жаошю, Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн, Тамгын газрын дарга Цай Ци, Худалдааны сайд Ван Вэньтао, Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооны дарга Жэн Шанжие нар багтжээ.
Уулзалтын дараа хоёр улсын удирдагчид хамтарсан мэдэгдэлд хийгээгүй байна.