Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн 15 захиргаанд хүрэн баавгай амьдаар нь барих, зөөвөрлөх зориулалттай 27 төхөөрөмж, мөн баавгай үргээгч 336 ширхэг цацлагыг хуваарилан олгожээ. Суурьшлын бүсэд хүрэн баавгай нэвтэрч, иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд эрсдэл учруулж буй. Үүнтэй холбоотой эхний ээлжийн хэрэгслийг дуудлага, мэдээллийн судалгаанд үндэслэн хамгаалалтын захиргаадад хүлээлгэн өгч байгаа бөгөөд үлдсэн бүтээгдэхүүнийг гэрээнд заасан хугацаанд буюу 10-14 хоногийн дотор бүрэн нийлүүлэхээр төлөвлөснийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээлэв.
Хүрэн баавгай суурьшлын бүсэд нэвтэрсэн үед мэргэжлийн байгууллагуудын хариу арга хэмжээ шуурхай авах чадавхыг нэмэгдүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад дээрх тоног төхөөрөмж ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцлов. Тухайлбал, баавгай ойртож, дайрсан тохиолдолд цацлагыг хэрэглэх аж. Ташрамд дурдахад, баавгай арваннэгдүгээр сарын дундуур ичээндээ ордог ч энэ жил идэш тэжээлийн хомсдолоос шалтгаалан хожуу ичих, ичихгүй байх, эсвэл хавар эрт гарч ирж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Уржигдар л гэхэд Төв аймгийн Сэргэлэн сумд айлын өвөлжөөнд 200 м ойртон ирсэн баавгайг албаныхан аюулгүй болгожээ.
Ч.Туяа