2024 оны оны есдүгээр сард Засгийн газраас шийдвэр гаргасны дагуу ХХААХҮЯ ажилтан, албан хаагчдын хамтаар нь Дархан-Уул аймаг руу нүүсэн. Яамны үндсэн ажилчид болох 120 орчим хүний 80 хувь нь зөвшөөрснөөр дээрх аймаг руу шилжсэн бөгөөд 20 орчим ажилтанд ипотекийн зээлийн урьдчилгааг нь шийдэн, Дархан-Уулд орон сууц олгосон байдаг. Мөн бусад зардалд зориулж 2025 оны төсөвт 2.4 орчим тэрбум төгрөг тусган, зарцуулсан билээ. Тэгвэл тус яамныхан Улаанбаатарт буцаж ирэх болсон тухай мэдээлэл түгэв. ХХААХҮЯ-ны нэгэн ажилтан “Дархан-Уулд бид нүүж ирсний ашиг тусыг хэлж мэдэхгүй, нийслэлийн түгжрэлийг багасгах зорилго байсан болов уу. Шинээр томилогдсон сайд М.Бадамсүрэн яамаа орон нутагт руу нүүлгэсэн асуудлыг эргэн харна гэсэн. Бид буцаж нүүнэ гэсэн ойлголттой л байна” гэлээ. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын 45 орчим ажилтны 50-60 хувь нь ДарханУулд ажиллаж буй бөгөөд Улаанбаатарт төвлөрч ажиллах зайлшгүй шаардлагатайг дарга нь дурдлаа. Тус газрын дарга Я.Эрдэнэсайхан “Одоогоор бид Улаанбаатарт бүрэн ирэх, эсэхийг мэдэхгүй. Гэхдээ аж ахуйн нэгжүүд, үйлдвэрүүдийн зүгээс удаа дараа гомдол гарган, ЖДҮГ-ынхан Дархан-Уулд байгаагаас хамтран ажиллахад хэцүү болсон гэдгээ илэрхийлсэн” гэв. Харин ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнэ “Яамны ажилтнууд Улаанбаатар-Дархан-Уул хооронд ирж, очин ажиллаж байна. Нийслэл рүү буцаж нүүх, эсэхийг мэдэхгүй” гэлээ. Ташрамд дурдахад, ХХААХҮ-ийн сайд асан Ж.Энхбаяр Дархан-Уул руу яамаа нүүлгэх шийдвэр гарган, Засгийн газраар батлуулж чадсан бөгөөд өдгөө тэрбээр тус аймагт хувийн орон сууцын (хаус) хороолол бариулж буй юм.
С.Дулам