“Ugii winterland-2026” мөсний баяр энэ сарын 31, ирэх сарын 1-ний амралтын өдрүүдэд болно. Архангай аймгийн ЗДТГ, Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар, “Өгий далай” ресорт, “Морьтон Монгол” ТББ-ынхан хамтран хангайн бүсийн өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын аялагчдыг “татах” зорилгоор энэхүү арга хэмжээг Өгий нуурын зүүн урд эрэгт хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Мөсний баярын эхний өдөр хоккейн үзүүлэх тоглолт, өсвөрийн тэшүүрчдийн тэмцээн, хос морьтон, эмэгтэйчүүдийн богино зайн болон жороо морины уралдаан болох бөгөөд DJ шоутай. Дараагийн өдөр нь үндэсний хэв маягийг хадгалсан тэмцээнүүд, тухайлбал “Адуучин”, мөсний шагай, сурын харваа, “Морьтой монголжин” буухиа, модон барилдаанаас гадна хамгийн сайхан монгол дээл хувцастай хүүхэд, хос шалгаруулж, цэнгээнт бүжгийн тэмцээн өрнүүлэн, хаалтын тоглолт ч зохион байгуулах гэнэ. Сонирхуулахад, Өгий нуур нь Улаанбаатар хотоос 320, Архангай аймгаас 125 км зайд оршдог билээ.