УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг баталлаа. Үндсэн чиглэлийг боловсруулахдаа өнгөрсөн 15 жилийн эдийн засгийн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт хийж, өнөөг хүртэл хуримтлагдсан суурь асуудлуудыг тодорхойлон, цогцоор нь шийдвэрлэх багц шийдлийг тусгасан бөгөөд тэдгээр арга хэмжээ нь Төвбанкны 2026-2030 оны дунд хугацааны стратегийн шинэчлэлийн эхлэл болж байгааг Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт онцлов.
2027 оны үндсэн чиглэлд инфляцын хөөрөгдлийг тогтворжуулж, саармагжуулах зорилгоор томоохон 14 арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүнд, төсвийн шинжтэй аливаа үйл ажиллагааг Төвбанкнаас санхүүжүүлж, хэрэгжүүлэхийг хориглох хуулийн төсөл боловсруулж, өргөн барих, нийлүүлэлтээс үүдэлтэй үнийн өсөлтийг хязгаарлах, валютын зах зээл дэх Монголбанкны оролцоог үе шаттай бууруулах, Төвбанк, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн биржийн арилжааны дэд бүтцийг холбож, Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийг идэвхжүүлэх, цахим залилангийн эсрэг шуурхай мэдээлэл солилцох тогтолцоо бүрдүүлэх зэргийг багтаасан байна.
Түүнчлэн Монголбанкны үнэт цаасыг зохистой түвшинд хадгалж, мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг хязгаарлах зорилгоор Засгийн газар 2027-2030 онд жил бүр нэг их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаасыг дотоод зах зээлийг дэмжих, гадаад өрийн удирдлагын зориулалтаар гаргахаар төлөвлөснийг мэдээлэв. Мөн төсвийн шинжтэй үйл ажиллагаанаас үүдэлтэй Төвбанкны алдагдлыг шийдвэрлэхэд зориулж 2028-2032 онд жил бүр нэг их наяд төгрөгөөс доошгүй хэмжээний үнэт цаас гаргаж, Монголбанканд эзэмшүүлэх гэнэ. Ингэснээр илүүдэл мөнгийг Засгийн газрын үнэт цаасаар татаж, Төвбанкны өөрийн хөрөнгийг үе шаттай нэмэгдүүлэх боломжтой гэж тооцжээ.