Филиппиний Ерөнхийлөгч Фердинанд Маркос Палаван арал, өдгөө идэвхтэй ашиглаж буй Малампая ордны ойролцоох бүсэд хий болон конденсат илэрсэн нь сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь байгалийн хийн анхны нээлт боллоо хэмээн өнгөрсөн даваа гарагт мэдэгдсэн аж. Түүнчлэн “Малампая зүүн нэг” гэх нэртэй тус цооног ойролцоогоор 98 тэрбум куб фут байгалийн хийн нөөцтэй гэж урьдчилсан байдлаар тооцоолж буй бөгөөд энэ нь нэг жилийн дотор 14 тэрбум кВт цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтойг онцолсон. “Анхны туршилтын үр дүнгээс харахад эл цооногоос өдөрт 60 сая куб фут хий урсаж байна. Тиймээс уг орд үүнээс илүү их хэмжээний хий олборлох боломжтой гэсэн үг. Талбайн зэргэлдээх бүсүүдэд хайгуулын ажил үргэлжилж буй. Манай улс шингэрүүлсэн байгалийн хий импортлох бодлого баримталж, өнөөгийн нөөцөд тулгуурлан цахилгаан станцуудын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бодлого баримталж ажиллана” хэмээн Маркос өөрийн фейсбүүк хуудсандаа бичжээ.
110 сая хүн амтай, Зүүн өмнөд Азийн орнуудаас эрчим хүчний үйлдвэрлэл нь нүүрснээс хамгийн их хамаарал бүхий системтэй Филиппин улс хэрэгцээгээ хангахын тулд байгалийн хий болон сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийг зорьж байна. 2023 онд Маркос Малампая байгалийн хийн олборлолтын гэрээг 15 жилээр сунгасан юм. Энэхүү шинэ нээлтээс өмнө тус ордын нөөц 2027 онд шавхагдана гэж тооцоолж байжээ.
Д.Хэрлэн