Монголчуудын уламжлалт Сар шинийн баяр хаяанд иржээ. Үүнтэй зэрэгцэн “Зочдодоо ямар бэлэг өгвөл тохиромжтой вэ”, “Юу өмсдөг юм билээ”, “Баярын ширээгээ ямар байдлаар засвал зүгээр бол” зэрэг асуулт ар араасаа хөвөрдөг. Бэлгийн морины шүд татдаггүй гэдэгчлэн бид бусдын сэтгэл шингэсэн талархлыг голж гоочлолгүй хүлээн авахыг эрхэмлэдэг уламжлалтай ч шүүгээнд “хөглөрөх” хэрэгцээгүй бэлгүүд нь өнөө үед аль аль талдаа эдийн засгийн үргүй зардал, ахуйн дарамт болж буйг иргэд учирлаж байна. Ингээд Цагаан сарын бэлэг солилцоо, түүнийг хүлээн авах хандлага ямар буйг уншигч та бүхэнд сонирхуулъя.
“МӨНГӨӨ МОНГОЛДОО ҮЛДЭЭЕ”
ШУА-аас эрхлэн гаргасан “Монголчуудын цагаан сар” (2022) цувралд бичсэнээр Цагаан сарын баяраар ирсэн гийчний гар цайлгаж, ирэх хүн бүрд бэлэг зэхдэг нь монголчуудын эртний уламжлал хэмээжээ. Зочин цагаан өнгийн ал чуурт чихэр, үзэм, үхрийн хавирга, өвчүү боогоод биедээ авч явна. Золгохдоо түүнийгээ дэлгэж, шинэлж буй хүнийхтэй солилцдог аж. Бэлгийн тэргүүн гэгдэх хадаг, самбайг их өгдөг бөгөөд өрхийн тэргүүнд хөөрөг агуулах даалин барих нь түгээмэл байсан гэнэ. Харин айлын эхнэрт янжуу дурданг алд, хагас алд хэмжээтэйг, эмэгтэй хүүхдэд өнгө өнгийн сэнж утас, хөвгүүдэд ямбуу даавуун алчуур бэлэглэдэг байсан тухай дурджээ. “Ерөөс монгол чуудын хувьд гар цайлгах бэлгийг том, жижгээр нь ялгаж ирсэн байдал төдий л их биш. Тус баярын гол агуулга нь бие биеэ дайлж цайлах, хүндэтгэн дээдлэх тул бэлэг сэлтэд төдийлөн ач холбогдол өгч байгаагүйг түүхэн баримт гэрчилнэ” хэмээн тодотгосон байна.
Харин орчин цагт бусдад бэлэг сонгохдоо нэн тэргүүнд тухайн хүнд хэрэгтэй, эсэхийг харгалздаг болсон гэхэд үнэнээс хол зөрөхгүй. Энэ нь хотжилт, зах зээлийн эдийн засаг, хэрэглээний хэв маягтай холбоотойг мэргэжилтнүүд онцолдог. Тэгэхээр монголчуудын хувьд Цагаан сарын бэлэг хүлээн авах нийтлэг хандлага нь талархал, харилцан хүндлэл дээр тогтдог ч цагийн эрхээр энэ нь хоёрдмол агуулгатай болж буй гэсэн үг. Энэ талаар хэд хэдэн иргэнээс тодруулахад “Ер нь Сар шинийн баяраар хүнд хэрэгтэй зүйл өгөх нь ховордоо. Айл бүр янз янзын “юм” өгч харагддаг. Уг нь үүний оронд нийтээрээ бэлэн мөнгөөр гар цайлгадаг болчихвол зүгээр санагддаг. Төгрөгөө Монголдоо үлдээх гэсэн утгаараа ч зөв байж болох юм. Хүүхдүүдийн хувьд ядаж л өөртөө зарцуулах багахан хуримтлалтай болчихно шүү дээ” гэсэн бол “Олон жил айл хэссэн туршлагаас үзэхэд чанартай оймс, бэлэн мөнгө өгөх нь л хамгийн зүгээр бэлэг гэж бодсон. Манайхны хувьд ирсэн зочин бүрдээ хайрцагтай шоколад, мөнгө өгчихдөг. Цагаан сараар баярлах нь хамгийн чухал шүү дээ. Тэгэхийн тулд өөрсдөдөө дарамт болголгүйгээр цомхон тэмдэглэх нь зүйтэй болов уу. Хөрөнгө мөнгөний гачигдалд ортлоо зовж, хэрэгтэй, хэрэггүй зүйл энд тэндээс цуглуулж стресстэж байхаар хүнд хэрэгтэй байдлыг харгалзаж гар цайлгах хэрэгтэй”, “Цагаан сараар нэгэндээ ном өгдөг болох сон. Ялангуяа Монголынхоо түүх, утга зохиолын тэргүүн бүтээлийг золгогчийн гар дээр тавиад гаргадаг бол хэчнээн сайхан” хэмээх нь ч байв.
Харин айлаар зочилж, золгодог залуучууд цахим сүлжээнд “Ямартай ч оймсыг бол өмсөөд байгаа юм. Гоо сайхны бүтээгдэхүүн, идэх “юм”, хувцас хунар, гоёл чимэглэл, цаг, түрийвч гэх мэтийг ер нь хэрэглэдэггүй”, “Ирэх хүн тус шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Туулцэцэг “gogo.mn” сайтад өгсөн ярилцлагадаа “Хахир өвлийг өнтэй давж хаврын урин дулаантай золгож юм бүхэн шинэ гэдэг утгаараа Цагаан сар бол монголчуудын хувьд шинэ жил. Бид аливаа зан үйлийг бэлгэдлээрээ тайлбарладаг. Түүнчлэн Цагаан сар нь ах эгч, аав, ээжээ хүндэтгэж, төрөл саднаа мэддэг буюу ураг төрлийг нэгтгэдэг баярын нэг. Монголчууд Цагаан сараар ах дүү, хамаатан садандаа “хувь” өгдөг байв. Энэ нь хэн нэгэнд өгч буй хүндэтгэлийн идээний дээж юм. Харин хожим уг соёл 1960-аад оны үеэс хувьсаж, бэлэг болсон гэж үздэг” гэсэн бол ШУА-ийн Түүх, угсаатан зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мөнхтөр “Бусад орны ч цагаан сар хувьсаж байдаг бөгөөд хатуу дэгтэй, түүнийг өөрчилж болохгүй гэсэн зүйлгүй. Аливаа ёс заншлын амин шинж нь хадгалагдаж үлдээд бусад нь хүссэн ч, эс хүссэн ч өөрчлөгддөг” хэмээснийг энд дурдах нь зүй. Тиймээс монголчуудын Цагаан сарын бэлэг хүлээн авах хандлага нь эртний уламжлал дахь ерөөл, хүндлэлд суурилсан бэлгэдэлт утгаасаа бүрэн тасраагүй ч орчин цагийн хотжилт, хэрэглээний соёлын нөлөөгөөр хувьсаж буйг хаа хаанаа ойлгож, мэдрэх хэрэгтэй болж шүү.
УЛС ОРНУУД БАЯРЫН НҮСЭР ЗАРДЛАА ТАНАЖ БАЙНА
БНХАУ, БНСУ, Тайвань, Вьетнам, Тайланд тэргүүтэй 10 гаруй улс Сар шинийн баяр тэмдэглэдэг. Тухайлбал, Хятадад “Хаврын баяр” буюу байгаль, дэлхий нахиалж, эргэн сэргэж буйг үүгээр бэлгэдэх бөгөөд гэр бүлээрээ цуглаж, эд баялаг дуудах нь чухал гэж үздэг байна. Гол төлөв улаан дугтуйтай мөнгө, цай, жимс, архи нэгэндээ бэлэглэдэг аж. Солонгос, Вьетнамд өвөг дээдсээ дурсах, хаврын уриар шинэ амьдрал, аз жаргалыг төлөөлүүлж, тоор, май цэцэг, бэлэн мөнгө, эрүүл мэндийн багц бүтээгдэхүүн өгөх нь түгээмэл гэнэ. Харин эл Зүүн Өмнөд Азийн орнуудад бэлэн мөнгө дугтуйнд хийж өгөхөөс илүүтэй “WeChat”, “Alipay” зэрэг төлбөрийн хэрэгслээр дамжуулан хишиг хүртээх, аливаа үйлчилгээний эрх бүхий бэлгийн карт цахимаар “шидэх” нь түгээмэл болсон байна. Түүнчлэн залуу үеийнхэн өглөөнөөс орой хүртэл айл хэсэж, ураг төрлөөрөө уулзах бус, гэр бүлээрээ гадаадад аялах, амрахыг илүүд үзэх болсон нь аливаа баярын уламжлалт хэв маягийг өөрчилж буй юм.
Бэлэг гэдэг арилжаа наймааны бус, хүндэтгэх сэтгэлийн илэрхийлэл билээ. Цагаан сарын бэлэг сэлт бэлгэдэл, хүндэтгэлийн мөн чанараа хадгалахын зэрэгцээ хүний бодит хэрэгцээнд нийцсэн, илүү ухаалаг, үр өгөөжтэй хэлбэр лүү хувьсаж байна даа, хүмүүс ээ.
Д.Хэрлэн