Дэлхийд борлуулалтаараа тэргүүлж, түмний нүдийг хужирласан, Лабубу нэртэй хүүхэлдэй үйлдвэрлэлийн цаана хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөгө явагдаж байгааг Хятадын Хөдөлмөрийн хяналтын хүний эрхийн байгууллага тайландаа дурджээ. “Жянси мужийн “Шунжиа тойс” үйлдвэр нь хөдөлмөрийн хуулийг зөрчин насанд хүрээгүй хүмүүсийг ашигласан. Хоосон гэрээ байгуулж, 16, 17 насны хүүхдүүдийг тусгай нөхцөлгүйгээр стандарт угсралтын шугамд илүү цагаар ажиллуулж байсан” гэж тэмдэглэжээ. 4500 гаруй ажилчны 50 нь насанд хүрээгүй бөгөөд зөвхөн Лабубу үйлдвэрлэлд оролцдог байж.
2025 оны эхний хагас жилд тус үйлдвэр ойролцоогоор 500 сая ам.долларын орлого олсон, оны эцэст хоёр тэрбумд хүрнэ гэж гүйцэтгэх захирал Ван Нин мэдээлж байсан. Тэгвэл ажилчид нь “Лабубугийн эрэлт огцом нэмэгдсэний улмаас хөрсөнд буух боломжгүй зорилт тавьсан. 25-30 хүний бүрэлдэхүүнтэй баг өдөрт багадаа 4000 тоглоом угсрах шаардлагатай болсон” гэж гомдоллосон байна. Хятадын хөдөлмөрийн хуулиар илүү цагийг 36 цагаар хязгаарладаг боловч тус үйлдвэрийн хувьд сар бүр ихэвчлэн 100 гаруй цаг нэмэлтээр ажилладаг болохыг шалгалтаар тогтоожээ. Хүчин чадлын хувьд жилд 12 сая тоглоом үйлдвэрлэх стандарттай ч өнгөрсөн жилийн хугацаанд 33 сая хүртэл өргөжүүлсэн аж. Энэ асуудал өдгөө ид шуугиан дэгдээж, хүүхдэд баяр баясал бэлэглэх газар эсрэгээрээ мөлжих хэрэгсэл болжээ хэмээж байна.
Ж.Хаан