Манай улс энэ жил НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. Энэ хүрээнд байгаль орчинд суурилсан шийдэл болон тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилготой “Үндэсний ногоон лаб” платформын нээлт өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг платформоор дамжуулан бодит үр дүнд хүрэх боломжтой, цаашид цар хүрээгээ тэлэх чадавхтай ногоон төслүүдийг бойжуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад нь бэлтгэн, дэмжлэг үзүүлэх юм байна.
Ногоон төслүүдийг сонгон шалгаруулж, хоёр сарын хугацаанд техникийн болон санхүүгийн туслалцаа үзүүлж, дотоод, гадаадын донор байгууллагатай холбохоос гадна СОР17 хурлын үеэр олон улсын хөрөнгө оруулагч нарт тусгайлан танилцуулахаар төлөвлөжээ. Платформыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын санаачилгаар Монголын байгалийн өв сан болон Монголын бизнесийн зөвлөл хамтран хөгжүүлэх бөгөөд нээлтийн үеэр “Үндэсний ногоон лаб” хөтөлбөрт оролцогч талууд Хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. Мөн “Монгол орны бэлчээрийн экосистемийн өнөөгийн төлөв байдал, олон улсын чиг хандлага болон шинэлэг шийдлүүд”, “СОР17 зохион байгуулахтай холбогдуулан цөлжилт, газрын доройтлын эсрэг хэрэгжүүлэх санаачилга”, “Үндэсний ногоон лаб” сэдвээр илтгэл тавьж, “Бэлчээрийн тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй сорилт, шийдэл”-ийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус платформ нь Улаанбаатар хотноо болох COP17 хурлын хүрээнд Бэлчээрийн тэргүүлэх санаачилга, Ус-газрын нэгдсэн менежмент, Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц гэсэн санаачилгыг эхний үе шатанд онцгойлон дэмжихээр төлөвлөсөн байна. “Үндэсний ногоон лаб” платформын талаарх мэдээллийг http://nationalgreenlab.org/, info@nationalgreenlab.org цахим хаягаас болон ажлын албаны 75117027 дугаарт холбогдон авч болох нь.
Л.Ням