УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн бүдүүлэг, ёс зүйгүй үг, үйлдэл хэрээс хэтэрч буйд олон нийт дургүйцэж, эгүүлэн татахыг шаардаж эхэлсэн. Тэгвэл ИЗНН-ын дарга Б.Батбаатар УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүнийг эгүүлэн татах зохицуулалт бүхий хуулийн төслийг ирэх хаврын чуулганаар өргөн барихаар бэлтгэж эхэлсэн гэнэ. Ингэж л толгой дээр нь гараад суучихсан, намынх нь нэр хүндийг унагаж буй гишүүнтэйгээ “тэмцэх”- ээр шийдсэн бололтой. Учир нь Нара ИЗНН-ын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэглэгдэж гишүүн болсон юм.
Мөн иргэн Э.Энхгэрэл УИХ-ын Ёс зүйн дэд хороонд гишүүн М.Нарантуяа-Нарагийн талаар гомдол гаргажээ. Тус дэд хороог УИХ-ын гишүүн Д.Хэрлэн ахалдаг. Тэрбээр Нарад ёс зүйн хариуцлага тооцох, эсэх асуудлыг хэлэлцэх үү гэсэн сэтгүүлчдийн асуултад “Энэ талаар ямар нэг гомдол, өргөдөл ирээгүй байна. Гэхдээ би биечлэн уулзаж, ёс зүйн дүрэм, холбогдох бусад хууль, эрх зүйг танилцуулна” гэсэн хариулт өгчээ. Тэгвэл ийнхүү дээрх иргэн гомдол гаргасан тул дэд хороогоор удахгүй УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмээ мөрддөггүй, үг, үйлдэл нь төрийн түшээ байхад тэнцэхээргүй энэ эмэгтэйн асуудлыг хэлэлцэх аж. Мөн УИХ-ын гишүүн Б.Батбаатарын санаачилгыг парламент дэмжих, эсэхийг ирэх сард харах юм байна.
С.Уул