Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэ чилсэн найруулгын, Төрийн нууцын жагсаалт батлах тухай болон тэдгээрийг дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов. Төрийн болон албаны нууцын тухай хуулийн нэрийг Төрийн нууцын тухай болгон өөрчилж, түүгээр зөвхөн төрийн нууцтай холбогдсон харилцааг зохицуулахаар тусгажээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Албаны нууцын жагсаалтад оруулсан 894 мэдээлэл бий. Төрийн нууцын тухай хуулийг баталснаар энэ бүхэн ил болно” гэсэн юм.
Өмнөх хуульд “Мэдээллийг төрийн болон албаны нууцад хамааруулах, нууцлахад хуульд нийцсэн, үндэслэлтэй байх” гэсэн зарчмыг тусгасан боловч төрийн байгууллага, албан тушаалтны зүгээс мэдээллийг хууль зөрчиж, үндэслэлгүйгээр албаны нууцад хамааруулах явдал газар авчээ. Энэ нь төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн мэдэх эрх хангагдахгүй, авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлсэн гэв. Иймд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг ил тод, нээлттэй байлгах үүднээс дээрх хуулийг шинэчлэн найруулаад буй нь энэ аж.
М.Гэгээ