Манай улс 2025 онд 4000 тонн самнасан ноолуурыг 330.5 сая ам.доллароор экспортолсон нь өмнөх жилийнхтэйгээ харьцуулахад 4.7 дахин өссөн үзүүлэлт болжээ. Малын гаралтай түүхий эдээ бүрэн ашиглаж, өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгоход “Цагаан алт” хөдөлгөөн чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Иймд дотоодод нэмүү өртөг бүтээх, экспортыг хөгжүүлэх зорилгоор Ноолуурын үйлдвэрлэлийг дэмжих тухай Засгийн газрын тогтоолыг өчигдөр батлав. Уг тогтоолоор ноолуурын ээрэх үйлдвэр байгуулах хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг шийдвэрлэх, бүтээгдэхүүн экспортлогч аж ахуйн нэгжүүдэд урамшуулал олгох талаар холбогдох эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн Улаанбаатар хотод тохиромжтой байршилд ноолууран бүтээгдэхүүн худалдаалах нэгдсэн цэг байгуулах, олон улсын нэр хүндтэй үзэсгэлэн, загварын арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх гэнэ.
М.Гэгээ