Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай Ерөнхийлөгчийн 2024 оны зарлигийн дагуу Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл, урлалын политехникийн коллежид энэ хичээлийн жилд хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга буюу морин хуур урлаачийн анги нээжээ. 60 жилийн түүхтэй тус коллеж нь энэ хугацаанд 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм. Тус сургууль үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 чиглэлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг аж. Өдгөө нийт 2152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж буй.
Морин хуур урлаачийн ангид 18-аас дээш насны 28 хүн суралцаж буй бөгөөд хамгийн ахмад нь 68-тай аж. Мөн эмэгтэй таван оюутан сурдаг гэнэ. Эл сургалтыг нэг жилийн хугацаанд үнэ төлбөргүй олгодог юм байна. Морин хуур урлаачдын холбооны тэргүүн Б.Баярсайхан тэргүүтэй багш нар морин хуур урлах арга техникийг нь заадаг бол ерөнхий эрдмийн хичээлийг тухайн коллежийн мэргэжилтнүүд хариуцдаг аж. Жил ирэх бүр мэргэжил, үйлдвэрлэлийн коллежид элсэгчдийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын дундуур тухайн сургуулийн оюутнууд бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж, сурсан, мэдсэнээ тайлагнах нь. Тус сургууль 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг юм байна. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө сургадаг гэнэ. Ташрамд, энэ жил мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын хоёрдугаар зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах юм байна.
Ч.Цэлмэг