Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын үйлчилгээ үзүүлдэг даатгалын байгууллагын төлөөллүүдтэй өчигдөр уулзав. Санхүүгийн зохицуулах хорооноос даатгалын бүртгэлийн эрхээ авсан 11 байгууллагын төлөөлөл оролцож, хурдан морины уралдаанч хүүхдэд даатгал хийхэд анхаарах зүйлс, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон байна. Орон нутагт даатгал хийж байгаа даатгалын төлөөлөгчид хурдан морины уралдаанч хүүхдийг даатгалын системд заавал бүртгэсний дараа гэрээ олгох, найман нас хүрсэн, эсэхийг он, сар, өдрөөр сайтар нягталж даатгах, эцэг, эх, асран хамгаалагч нарт даатгалын нөхцөлийн талаарх мэдээллийг заавал өгөхийг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтнүүд зөвлөв. Цаашид хурдан морины уралдаанч хүүхдийн даатгалыг албан журмын даатгалын ангилалд оруулах хэрэгтэйг дурдсан бөгөөд энэ нь хүүхдийг болон гэр бүлийг эрсдэлээс сэргийлэх алхам болохыг тодотголоо.