Унгарын парламентын ээлжит сонгууль энэ сарын 12-нд боллоо. Сонгуулийн урьдчилсан дүнгээр баруун төвийн үзэл баримтлалтай Тиса нам ялалт байгуулж, парламентын 199 суудлаас 138-ыг нь авчээ. Ингэснээр тус нам Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний буюу үнэмлэхүй олонхын суудал авч байгаа юм. Тус намын дарга Петер Мажар энэхүү ялалтыг “Унгар орныг чөлөөлж, эх орноо эргүүлэн авчирсан түүхэн үйл явдал” хэмээн тодорхойлов. Тэрбээр нийт унгарчуудын, тэр дундаа хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг тууштай хамгаалахаа энэ үеэр амлалаа. Петер Мажар нь өдгөө 45 настай, өмгөөлөгч мэргэжилтэй, өмнө нь эрх баригч Фидес намын гишүүн байсан ч 2024 оны эхээр Засгийн газрынхаа бодлогыг шүүмжлэн эсэргүүцсэнээр улс төрд хүч үзэх болсон юм.
Харин 2010 оноос хойш 16 жилийн турш засгийн эрхийг барьсан Ерөнхий сайд Виктор Орбан ялагдлаа албан ёсоор хүлээн зөвшөөрөв. Урьдчилсан байдлаар Виктор Орбаны Фидес болон Христийн ардчилсан ардын намын эвсэл 55, хэт барууны үзэлтэй “Бидний эх орон” хөдөлгөөн зургаан суудал авсан аж. Түүнчлэн сонгогчдын ирц 77.8 хувьд хүрсэн нь тус улсын түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг болжээ.
Шинээр байгуулах Засгийн газрын гадаад бодлогын тухайд Петер Мажар анхны айлчлалаа Варшавт хийж, “Вышеградын дөрвөл”-ийн хүрээнд Төв Европын орнуудын хамтын ажиллагааг сэргээхээ мэдэгдэв. Мөн Вена, Брюссель хотод айлчлан Европын холбооны царцаасан санхүүжилтийг эргүүлэн авах чиглэлээр хэлэлцээ хийхээр төлөвлөжээ. Дотоод бодлогын хувьд авлигын тогтолцоог халж, хууль дээдлэх ёсыг сэргээн, эрүүл мэнд, боловсролын салбарыг цогцоор нь шинэчлэх зэрэг асуудлыг 240 хуудас бүхий мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Мөн тэрбээр төрийн хараат бус байдлыг хангахын тулд Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон ерөнхий прокурор зэрэг томоохон албан тушаалтнуудыг огцрохыг уриаллаа.
Э.Сүйлэн