Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс Монгол орны бэлчээрийн ургамлын ургалтад өнгөрсөн сарын 20-30-нд дүн шижнилгээ хийснээ өчигдөр танилцууллаа. Судалгаагаар нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургамал маш муу, өвс, ногоо цухуйгаагүй байгаа аж. Түүнчлэн 40 гаруй хувьд нь буюу Дундговь, Сүхбаатар аймгийн нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумын нутгаар ургамал муу гарчээ.
Тэгвэл Дорнод аймгийн нийт, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Ховд, Өмнөговь, Булган, Төвийн цөөн сумын нутгаар бэлчээрийн ургамал сайн, бусад нутгаар дунд зэрэг ургасан байна. Өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байгаа гэнэ. Бэлчээрийн ургамал цухуйгаагүй болон муу байгаа нутгуудад малд нэмэлт тэжээл өгөх ажил улсын хэмжээнд үргэлжилж буй юм.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур зүүн аймгуудын зарим газраар олон жилийн дунджаас -1.2-1.1 градус хүйтэн, төв болон говийн аймгуудын ихэнх нутгаар 1.1-3.6 градус дулаан, бусад нутгаар дунджийн орчим байжээ. Хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим, баруун аймгуудын зарим нутгаар ахиу орсон байна.
О.Ундрах