Австралийн баруун эрэгт байрлах Перт хотод болсон уран нислэгийн “Австралийн цом-2026” Дэлхийн цом, жолоодлогот загварын 36 дахь удаагийн ДАШТ-д Монголын шигшээ багийнхан ахлагч Д.Батпүрэв, Д.Баярбат нарын удирдлагад оролцож, 28 улсын тамирчидтай ур чадвараа сорив. Тэднээс ДАШТ-ий уран нислэгийн F2B ангилалд манай таван тамирчин B тойрогт өрсөлдсөнөөс “Шинэ зуун билэг” олон улсын сургуулийн 9а ангийн сурагч, “Зуун билэг” клубийн тамирчин Б.Баясгалан өсвөр үеийнхний ангилалд дэлхийн аваргаар тодорлоо. ДАШТ-ий өмнөх сорилго болох “Австралийн цом-2026” Дэлхийн цомын тэмцээнд тэрбээр түрүүлж, Д.Тэмүүжин хүрэл медаль хүртсэнийг бид өмнө мэдээлсэн. Улсын техник технологийн 27 дугаар олимпиадын “Нисэх загвар”-ын улсын аварга Б.Баясгалан онгоцны нисгэгч болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөж, энэ спортоор анх хичээллэсэн аж. Тэрбээр АНУ-ын Индиана мужийн Манси хотод 2024 онд зохион байгуулсан ДАШТ-д оролцохдоо Ази, Европын тамирчдаас хамгийн залуу оролцогч нь байсан юм. Энэ удаа А тойрогт өрсөлдсөн эмэгтэй тамирчдаас дэлхийн хошой мөнгөн медальт Н.Номин IV байрт шалгарчээ.