Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд эзэмшигчидтэй уулзах үеэрээ Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоон, Үндэсний баялгийн санд хуваарилж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх зорилгоор хуулийн төсөл боловсруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ гэдгээ илэрхийлэв. Хуулийн төслийг стратегийн орд эзэмшигчид болох “Энержи ресурс” ХХК, “Ачит Ихт” ХХК, МАК ХХК зэрэг компанийн удирдлага дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Стратегийн орд эзэмшигчид өмнөх Засгийн газартай ордуудын 60 хувийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх тухай санамж бичигт гарын үсэг зурсан. Гэвч одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй хуулиар 60 хувийн өгөөжид юу тооцох вэ гэдэг нь ойлгомжгүй байгаа аж. Иймд УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэх хуулийн төсөлд 60 хувийн өгөөжид ямар төлбөр, татвар оруулахыг хуульчилж өгөх юм байна. Мөн тусгай АМНАТ-ийн хувь хэмжээг тогтоох гэнэ. Төрийн эзэмшлийн хувь хэмжээг тусгай АМНАТ-өөр орлуулсан хэсэг нь Үндэсний баялгийн санд шууд очвол иргэдийн хуримтлалын нэрийн дансан дахь мөнгө нэмэгдэх бололцоотой гэдгийг энэ үеэр онцоллоо. Хэрэв орд эзэмшигч бүртэй хэлэлцээр хийвэл цаг алдаж, олон жил зарцуулах учраас нэг хуулиар асуудлаа цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж гүйцэтгэх засаглалын тэргүүн үзжээ.
2024 онд баталсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн дагуу уул уурхайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн төрийн эзэмшлийн хувь хэмжээнд ногдох ногдол ашгийг иргэний хуримтлалын санд оруулж байна. “И-Монголиа”-д байршсан “Чингис хаан” Үндэсний баялгийн сангийн иргэнд ногдох өгөөж 2024 онд 178, 2025 онд 306 мянган төгрөг болсон. Энэ онд харин 500 мянган төгрөгт хүрэхээр байгаа аж.
Г.Сансар