“Уул уурхайн мэргэжлийн холбоо” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр доктор Х.Владимир “Оюутолгой” төсөлтэй холбоотойгоор 2010 оноос хойш хийсэн өөрийн судалгааны үр дүнд үндэслэн хэд хэдэн зүйлийг онцлон танилцууллаа. Тэрбээр “Монгол Улс 22.4 тэрбум ам.долларын өртэй” гэх ойлголт нь ташаа юм. Энэ нь хэрэв гэрээний одоогийн нөхцөл огт өөрчлөгдөхгүй үргэлжилбэл орд ашиглалтын хугацаа дуусах шатанд буюу 2051 оны эцэс гэхэд хүрч болох ирээдүйн төсөөлөл юм. Өнөөдрийн байдлаар хувь нийлүүлэгчийн бодит зээл 5.59 тэрбум ам.доллар. Монголын талын 34 хувьд ногдох бодит өр, хүүгийн хамт 2.18 тэрбум ам.доллар болж байна.
2021 оны эцсээр Засгийн газар “Рио тинто”-той тохиролцож, 2.4 тэрбум орчим ам.долларын өрийг тэглэх эрх зүйн баримт бичиг үйлдсэн ч “Оюутолгой” ХХК-ийн дотоод санхүүгийнтайлан, тэнцэлд тусгалгүй, өрийн бичилтийг хэвээр үлдээжээ. Учир нь 2015 оны “Дубайн гэрээ” олон улсын 15 банкны консорциумаас босгосон 4.2 тэрбум ам.долларын зээлийн барьцаа, зардлын бүтэцтэй холбоотой байсан тул “Оюутолгой” ХХК дансны бичилтээ дур мэдэн өөрчилж чадаагүй. Тиймээс хуучин байснаараа тайлагнасаар ирсэн. 2022 онд банкуудын барьцаанаас чөлөөлж, “Дубайн гэрээ”-г олон улсын түвшинд бүрэн цуцлах тухай мэдэгдэл илгээсэн. Хэрэв энэ далд зардлын бүтэц, хүүгийн бүртгэлийг хасвал Монголынталын бодит өр 986 сая ам.доллар хүртэл буурах боломжтой.
Мөн 2022 оны арванхоёрдугаар сард “Рио тинто” нь толгой компани болох “Туркойз хилл ресорсес”-ийг 3.1 тэрбум ам.доллароор худалдан авч, Канадын Юкон мужийн шүүхийн шийдвэрээр татан буулгаснаар санхүүгийн ил тод байдлыг үгүй хийсэн. Олон улсын биржүүдэд бүртгэлтэй “Рио тинто” нь 100 гаруй хуудастай маш нарийн тайлан гаргахдаа “Оюутолгой” төслөөс менежментийн төлбөр, зээлийн хүүгийн орлого, худалдан авалтын зөрүү зэргээр татаж авсан бодит ашиг, орлогоо бүртгэж, хувьцаа эзэмшигчдээ баярлуулдаг. Гэтэл Монгол дахь “Оюутолгой” ХХК нь ердөө дөрөвхөн хуудастай, 2.29 тэрбум ам.долларын хуримтлагдсан алдагдалтай тайлан гаргаж, татвар болон ногдол ашгаас бултсаар ирсэн. Өөрөөр хэлбэл, Монголд алдагдалтай харагддаг төсөл хилийн чанадад асар их ашигтай хөрөнгө оруулалт гэж үнэлэгддэг гажуудал үүсжээ.
Цаашид “Оюутолгой” болон толгой компанийн хоёр тусдаа дансыг нэгтгэх, зөрүүтэй бичилтүүдэд үндэсний хараат бус санхүүгийн аудит оруулах шаардлагатай. Түүнчлэн “2027 оноос далд уурхайн олборлолт эрчимжих тул баяжмалаа гадагш хямд гаргахаа зогсоож, зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийг яаралтай барьж, алт, мөнгийг дотооддоо ялган авч үлдэх нь Монгол Улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг хамгаалах цорын ганц гарц” гэв.