Зуны эхэн сар хэдийн гарсан ч цаг агаар тогтворгүй, салхи шуургатай, зарим газарт цас орж, эрс сэрүүсэн, зам, даваа хаагдсан өдрүүд үргэлжилж байна. “Хавар, намар гэсэн хоёр улиралтай болох нь, дулаарахгүй байтал нар буцлаа” хэмээн шогшрох хүн цөөнгүй. Тэгвэл ирэх сар, ер нь энэ зун цаг агаар ямар байх төлвийг цаг уурын байгууллагаас гаргасан байна.
Ирэх сард Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг баруун аймагт олон жилийн дунджаас дулаан, бусад нутагт дунджийн орчим байх нь. Төв, Сэлэнгэ, Дундговь, Дорноговийн хойд хэсэг болон Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутагт дунджийн орчим хур тунадас орох гэнэ. Тодруулбал, сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх хэдий ч зүүн аймгуудын нутгаар сэрүүвтэр, цаашлаад нэгдүгээр арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байх магадлал өндөр байна. Харин долоодугаар сард зүүн гурван аймаг болон Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ Төвийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй. Хур тунадас Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар ахиу орохоор байна.
Мөн наймдугаар сард Өмнөговийн ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутагт үүнээс дулаан байх гэнэ. Ерөнхийдөө зургаадугаар сард нутгийн өмнөд, долоо болон наймдугаар сард ихэнх нутгаар дулаан байна. Хур тунадас наймдугаар сард ихэнх нутгаар бага орох төлөв гарчээ. Өөрөөр хэлбэл, ирэх сарын эхээр болон дундуур зарим газарт нойтон цас орж, салхи шуургатай, сэрүүн өдрүүд үргэлжлэх бол наймдугаар сард хэт халах нь. Иймд агаар, хөрсний хэт халалт, хуурайшилт нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан сэрэмжлүүлэв.
Ташрамд, Улаанбаатарт ийн үүлэрхэг сэрүүн өдрүүд үргэлжилж, өнөө, маргаашдаа салхи шуургатай, цаг агаар муудах төлөвтэй байгаа бол Европ тив даяар хэт халж, зарим улсад агаарын хэм түүхэн дээд хэмжээнд хүрчээ. Ялангуяа Британи, Франц, Испанид нөхцөл байдал нэн хүндэрч, тавдугаар сарын сүүлч үеийн ердийн агаарын хэмээс нэлээд давж халсан гэнэ. Испанийн зарим бүс нутагт агаарын хэм 40-өөс давж халжээ. Хэт халалт энэ долоо хоногийг дуустал үргэлжлэх төлөвтэйг цаг уур ажиглагчид мэдээлсэн байна.
Ч.ЦЭЛМЭГ