Энхтайвны өргөн чөлөөнд буюу Баянгол дүүргийн V хорооны нутаг дахь “Гор газ” компанийн шатахуун түгээх станцын эргэн тойрныг та анзаарсан уу. Өмнө нь “Жаст ойл” шатахуун түгээх станц байсан тус газрыг хэтрүүлж хэлбэл дайн байлдааны хөлд нэрвэгдэн, эвдэрч сүйдэж дээ гэлтэй. Түгээгүүрийг халхлах том саравчных нь дээвэр, ирмэгний өнгөлгөө хууларч, сарайсан төмөр үлдсэнийг эс тооё гэхэд түгээгүүр лүү “хөтөлдөг” авто зам, эргэн тойрных нь асфальт хуурч, сул шороо бүрхжээ. Бетондсон зам байсан бололтой хагарч, бутарсан цементний үлдэгдэл энд, тэндгүй овоорч, машин орох, гарах хоёр эгнээ үүсгэж буй төмөр хашлага нь гулзайн, яажийжээ. Хотын төвд гэж хэлж болохуйц энэ түгээх станц ингэж хөглөрөөд, лав 4-5 жилийг үдлээ. Иргэдийг хийн түлшний дам угаараар утаад зогсохгүй, түүгээр машин хөлхөх тоолонд сул шороо бургин орчны бохирдол үүсгэж байгаа хэрэг. Нэмээд нийслэлийн өнгө үзэмжийг гутааж буйг дурдах нь зүйтэй. Яагаад тохижилтдоо анхаарч, зам, талбайгаа засаж тордохгүй байгааг нь асуухад түгээгч нь “Манай эзэмшлийн талбай биш гэсэн. Газрын маргаантай байдгаас хэн засаж тордох нь тодорхойгүй юм билээ” гэж хариулав.
Харин компанийнх нь төв оффисынхноос утсаар лавлахад “Автомашины замын дагуу эвдэрч, сүйдсэн хэсэг манай компанийн кадастрын зурагт ороогүй. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломж алга” гэлээ. Шатахуун, шатах тослох материалыг тусгай зөвшөөрөлтэй компаниуд борлуулдаг. Үнэ нь ч өндөр, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн бөгөөд ашиг ч арвин байдаг биз. Гэтэл хотын төвд эзэлсэн газартаа хөрөнгө зарцуулахгүй, кадастрын зурагт орсон, ороогүй талбай гэхчлэн шалтаг тоочиж, зайлсхийж байгаа нь харамсалтай.
Бидний нэрлэж заншсанаар аравдугаар хороолол, төв замын хойд талаар ердөө хэдхэн км алхахад тэр хавь хэрхэн “баларч сүйрсэн”ийг хангалттай харж болно. Сав баглаа боодол, паб, зоогийн газар гэж бичсэн 2-3 давхар хүрэн байшингийн урд талд нь авто машины гараашийнх уу, эсвэл агуулах зоорийн хаалга уу, айлын орхигдсон амбаар шиг үүд харагдана. Хаалганых нь түүгээр хог, тамхины иш, гялгар уут хөглөрч, сул шороо босох аж. Зоорь шиг байгууламжийнх нь хана нурж, агааржуулалтын яндан нь зэвэрч бүхэлдээ л эзэнгүй балгас шиг болжээ. Түүний хажууханд мөн л зоогийн газар, караоке гэж бичсэн 4-5 давхар, шилэн фасадтай байшингийн үүдэнд навсгар цагаан асар барин, “Гэрийн хуушуур, айраг” гэж бичсэн байв. Асрын бүчийг шуудайтай элс, үжирч муудсан банз зэргээр тогтоож бэхэлсэн байх юм. Бас л ойр хавь нь асфальт, зассан зам, зүлэггүй хайрга шороогоороо эргэнэ. Хэзээ, хэрхэн ашиглаж байсан нь тодорхойгүй навсгар асрыг хариуцах эзнийг олсонгүй, шилэн фасадтай байшин нь цоожтой байв.
ДУГУЙ ЗАСВАР, МАШИН УГААЛГЫН ГАЗРЫН ОЙРОЛЦООХ ТАЛБАЙ ИЛҮҮ СҮЙДЖЭЭ
Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)ээс Саппорогийн уулзвар хүртэл богинохон зайд төв замынхаа хойд талаар явган хүний зам, нийтийн эзэмшлийн талбай, барилга байшингийн ойр орчимд мөн л бөөн шороо, чулуу, хагарсан цемент. Автомашины гарааш руу ус орохоос сэргийлэн, шуудайлж тавьсан элс нь асгарч, нийлэг уутны тасархай хөглөрч харагдана. Гараашийг ихэвчлэн барилгын зоорийн давхарт гаргадаг, тийшээ бороо орох бүрд ус нэвчдэгээс хаа сайгүй л элстэй шуудай, эсвэл асгарсан элс, тасархай уутнууд “хэвтэж” байх боллоо. Саппорогийн уулзвараас Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ) эмнэлэг явах зам мөн л адал явдалтай, замынхаа баруун, зүүн аль аль талдаа ялгаагүй “новширсон”. Энэ тухай Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Ч.Ариунжаргал“ГССҮТ-ээсСаппорогийнуулзвар хүртэлх явган хүний замыг засаж, янзлалгүй гурван жил боллоо. Ялангуяа авто замын зүүн талаар энд тэндгүй хагарсан бетон, овоолсон шороо, тасарч баларсан явган зам байна. Иргэд алхах гэж нэг уруудаж, нэг өгссөөр шороо туучин арайхийж л замаа дуусгадаг. Хүүхдийн тэрэг, унадаг дугуй, тэргэнцэр явах ямар ч аргагүй. Мэдээж зам, талбай эвдэрч сүйдэж болно. Гэхдээ янзалж тордохгүй ингэж удаж болох уу. Цонхоор харсан ч, гараад алхсан ч ямар ч тухгүй, шорооны овоолго, хог бас тоосжилттой орчинд амьдарч байна” гэлээ.
Тэр хавьд буюу ГССҮТ-ээс Саппорогийн уулзвар хүрэх авто замынхаа зүүн талд дугуй болон машин засвар, угаалга цөөнгүй байдаг аж. Тийшээ орох машинууд явган хүний замыг сэтэлж, эсвэл дайрч ордгоос талбай илүүтэй сүйддэг бололтой. Дугуй засварын газар ажиллуулдаг нэгнээс орчин тойрныхоо тохижилтод хэрхэн санаа тавьж, ямар үүрэг хүлээж буйг нь асуухад “мэдэхгүй” хэмээгээд мөрөө хавчаад өнгөрөв. Түүнчлэн дээрх замын баруун тал дахь том хэмжээтэй далангийн зарим хэсэг нурсан, заагаар нь хог өвс ургасан, ядаж л зам дагуух цахилгааны трансформатор, шон зэрэг нь зэвэрч мууджээ. III, IV, I хорооллыг 21 дүгээр хороололтой холбосон шинэ зам барьж дууссан ч явган хүний зам болон эргэн тойрных нь тохижолтод санаа тавьж эхлээгүй л байна.
Дээр дурдсан жишээ бол аравдугаар хорооллоос ГССҮТ хүртэл 3-4 км-ийн урттай зам дагуух дүр төрх. Ийм богино зайд тийм олон саад бартаа, хог, шороо, элс бас навсгар асар, элэгдэж хуучирсан байшин, ёрдойж, зэвэрсэн төмөр зэрэг байгаа нь орчны аюулгүй байдал алдагдсаны бодит илрэл бишгэжүү.Мөн нийтийн эзэмшлийн талбайд тарьсан мод, зүлгийг тэгшилж, арчилж, хэлбэржүүлэхдээ хойрго хандсаар. Ямар ч мод, зүлгийг зөвхөн гоёлын зориулалтаар бус, насжилтыг нь уртасгах, өтгөрүүлэх мөн аюулгүй байдлын үүднээс засаж, хэлбэржүүлж, танадаг. Гэтэл нийслэлд тарьсан мод, бут, зүлэг хэт их сагсайж ургах, үзэгдэх орчин хязгаарлах, өнгө үзэмжгүй болох нь түгээмэл байна. Энэ талаар ногоон байгууламжийн инженер Г.Ганжаргал “Улаанбаатарын хаа сайгүй ногоон байгууламжид тавих стандарт, арчилгаа алдагдсан гэхэд болно. Зүлгийг хэт сагсайлган, өндөр ургуулахгүйгээр засаж тэгшилснээр илүү олон жил ургах боломж бүрддэг. Шинээр тарьсан зүлэг эхний нэг, хоёр жил сайн ургаж болно. Хэрэв засаж, тэгшилж, арчлахгүй бол гурав дахь жилээс нь ургалт нь муудна. Сийрэгшиж, өнгө нь ганддаг. Тиймээс тогтмол арчлах шаардлагатай” гэсэн юм.
ОЙР ОРЧМЫНХОО 50 МЕТР ХҮРТЭЛХ ЗАМ, ТАЛБАЙГ АРЧЛАХ ТОРДОХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА
Улаанбаатар хотын тохижилт, ногоон байгууламжийн арчилгааг ямар байгууллага хариуцдаг, нийтийн эзэмшлийн зам, талбайд юу хийж буй талаар нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрынхнаас тодруулахад “Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам”-ын дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн эзэмшил, ашиглалтад буй газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж байгуулж, арчилгаа цэвэрлэгээг нь хариуцах шаардлагатай. Өвлийн улиралд цас, мөсийг нь тухай бүрд арилгаж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Эл үүргээ биелүүлээгүй тохиолдолд газрын эрхийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Мөн тухайн дүүрэг нь өөрийн нутаг дэвсгэрийн асуудлыг анхаарч, шаардлага тавьж, торддог” гэв. Тэгвэл Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын ажилтан “Дүүргийн хэмжээнд тохижилт, үйлчилгээний ажлын чанарыг шалган, зөрчил дутагдлыг илрүүлж арга хэмжээ авдаг. Иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүл сэн гомдол, саналыг хүлээн авч, тусган ажилладаг. Таны хэлсэн гомдол, дэвшүүлсэн асуудлыг хүлээн авлаа” гэхээс өөр зүйл хэлсэнгүй.
Эцэст нь, Хот тохижилт, цэвэрлэгээний талаар байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журмыг биелүүлж буй компани цөөн бололтой. Компаниуд тухайн газарт үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж л байгаа бол орчноо тордож, хотын өнгө үзэмжийг гутаахгүй байхад анхаарах шаардлагатай байна. Тиймээс бизнес эрхлэгчдийг орчныхоо өнгө үзэмжийг сайжруулах талаар хугацаатай үүрэг өгч, биелэлтийг нь хянавал зохино. Мөн хөрөнгө мөнгөний барьцаа авч, ажлаа хийгээгүй тохиолдолд барьцааг нь зарцуулах байдлаар шийдвэрлэж болох юм.
“Хагархай цонхны онол” хэмээх ойлголт олон улсад байдгийг хүмүүс мэдэх байх. Товчхондоо цонх нь хагарсан, эвдэрч муудсан, бохирдож сүйдсэн байшин, хог хөглөрч, бутарч үйрсэн зам талбай байх нь эргэн тойрных нь байшингийн цонхыг хагалж, энд, тэнд хог хаяж, эвдэж сүйтгэх, хайхрамжгүй хандах сэдэл болдог гэдэг. Энэ нь улмаар гэмт хэрэг гарах нөхцөл, гэмт хэрэгтнүүд цуглах, танхайрах таатай үүр болдог гэж үзэн ундуй сундуй бүхэнд анхаарал хандуулж, засаж сайжруулж явдаг гэсэн үг. Манайд хангалттай олон “хагархай цонх” байнам.
С.Дулам