Дэлхийн хамгийн томоохон сүлжээ байгууллагуудын нэг Олон улсын амьд байгаль, шувуу хамгаалах холбооноос Бүгд Найрамдах Кени Улсын Найроби хотноо зохион байгуулж буй Шувуудын нүүдлийн замын дээд хэмжээний уулзалтад 120 орны 125 түнш байгууллагын төлөөлөл болон судлаач, экологичид оролцож байна. Үүнд манай улсаас Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн судлаачид оролцож буй аж.
Тус холбооны түнш байгууллагууд төрийн болон хувийн хэвшлийнхэнтэй хамтран биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн томоохон зорилтуудад бодитой ямар хувь нэмэр оруулж буйгаа энэ өдрүүдэд хэлэлцэх юм. Тодруулбал, Биологийн олон янз байдлын, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах, Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар, усны шувууд амьдардаг орчны тухай зэрэг олон улсын байгаль хамгааллын томоохон гэрээ, хэлэлцээр, конвенцын хэрэгжилтийг бодитоор үнэлж дүгнэнэ. Мөн үүндээ үндэслээд олон улс, бүс нутгийн хэмжээний, бодлогын шинж чанартай томоохон хөтөлбөр, санаачилгуудыг боловсруулах аж.
Эл холбооны Ази дахь түнш байгууллагууд дэлхийн хэмжээнд ховордсон 148 зүйлийн шувууны амьдрах орчин болсон 161 газар нутгийг хамгаалахаар шаргуу ажиллаж буйгаа уулзалтын үеэр зарлажээ. Монголын зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийнхөн “Дэлхий даяар тархсан нүүдлийн хэдэн зуун сая шувуу болон тэдгээрийн амьдралыг тэтгэгч ой, хээр, ус, намгархаг газрыг хамгаалахад Ази тив ямар онцгой ач холбогдолтойг энэ удаагийн дээд хэмжээний уулзалт баталлаа. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв Олон улсын амьд байгаль, шувуу хамгаалах холбооны албан ёсны түнш байгууллагын хувьд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлтын нэг хэсэг болж байна. Монгол орон дэлхийн хэмжээнд чухал ач холбогдолтой нүүдлийн гурван их зам болон олон зүйлийн шувуу, тэдгээрийн амьдрах орчныг тэтгэдэг гол бүсэд тооцогддог. Тиймээс бид үндэсний болон бүс нутгийн хэмжээнд шувуудын нүүдлийн зам, ховордсон зүйлүүдийг хамгаалах, шинжлэх ухааны судалгаа хийх, тусгай хамгаалалттай газар нутгийг удирдан зохион байгуулах, байгаль хамгаалалд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах үүрэг хүлээдэг” хэмээсэн юм.
Н.Мишээл