Колумби улсын шинэ Ерөнхийлөгч Абелардо де ла Эсприэлья энэ сарын 7-нд тангаргаа өргөж албан ёсоор үүргээ гүйцэтгэж эхлэв. Тэрбээр зургаадугаар сарын 21-нд болсон хоёр дахь шатны сонгуульд зүүний эвслээс өрсөлдсөн нэр дэвшигчийг багахан илүү гээр (48.7-49.6 хувь) ялж Төрийн тэргүүнээр сонгогдсон юм.
48 настай де ла Эсприэлья хуульч мэргэжилтэй, бизнес эрхлэгч бөгөөд урьд нь төрийн албанд ер ажиллаж байсангүй. Нийслэл Богота хотод нэртэй өмгөөлөгчийн гэрт төрж, их сургуульд суран хуульч мэргэжилтэй болж, 2002 онд мэргэжлийнхээ дагуу хувийн фирм байгуулж, дуулиан шуугиантай хэд хэдэн хэргийг шийдвэрлэхэд оролцсоны улмаас алдар нэртэй өмгөөлөгчдийн нэг болсон байна. Түүнээс мэргэжлийнх нь туслалцааг авсан хүмүүсийн дотор өндөр дээд албаныхан, нэр цуутнууд цөөнгүй байсны дунд КолумбиВенесуэлийн бизнесмен, Николас Мадурогийн мөнгийг угаахад оролцсон гэж АНУ үздэг Алекс Сааб, Колумбийн санхүүгийн сац хөшөө гэгддэг DMG-ийг үндэслэгч Дэвид Мурсия Гусман нар ч байсан аж. Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр де ла Эсприэлья “Өмгөөлөгчийг захиалагчтай хольж хутгаж болохгүй” гэж хэлж байжээ. Хүмүүсийн эрх ашгийг хамгаалагчийн хувьд 2013 онд зэрлэгээр алуулж, хожим нь үйл хэрэгт нь зориулж фемицид (эмэгтэйчүүд, охидыг ялгаварлан гадуурхах, санаатайгаар алах хэрэг)-ийн тухай хууль гаргахад хүрсэн Роса Эльвира Селийн гэр бүлийн эрх ашгийг төлөөлж байсан гэдэг.
Түүнийг олон саяар үнэлэгдэх хөрөгөтэй гэж үздэг. Дарс, эрэгтэй хүний хувцас үйлдвэрлэдэг бизнес эрхэлж байв. Телевизийн нэвтрүүлэг, улс төрийн ток шоунд байн байн оролцож, эрүүгийн хэргийн шинжээчээс улс төрийн тогтолцоог шүүмжлэгч болон хувирч, улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, дэг журам тогтоож чадахгүй байна хэмээн эрх баригчдаа шүүмжилнэ. Тэгсээр бишрэн шүтэгчидтэй болж, нийгмийн сүлжээнд дэмжигчид нь түүнийг “Бар” гэж нэрлэх болжээ. Нэг жил орчмын өмнөөс де ла Эсприэлья “Эх орноо хамгаалагчид” гэдэг баруун консерватив хөдөлгөөн, нэг ёсондоо Колумбийн улс төрийн уламжлалт нам байгуулж, тэр үеэс Ерөнхийлөгч болох санаа бодол төрж, түүнийгээ илэрхийлэх болсон байна. “Би эцсийн мөчид улс төрд орно. Тэр цаг эхэллээ. Колумби улс маань хамгийн хүнд хэцүү үеэ туулж байна” гэж тэрбээр мэдэгдэв.
Тус улс дахь янз бүрийн зэвсэгт бүлгүүдтэй, тэдгээрийн дотор “Колумбийн хувьсгалт зэвсэгт хүчин”, “Үндсээ чөлөөлөх арми” гэгчийн босогчид хийгээд гэмт бүлэглэлүүдтэй хэлэлцээр байгуулах бодлого баримталдаг Ерөнхийлөгч Густаво Петрогийн “бүрэн энх тайван” гэдэг хөтөлбөр түүний шүүмжлэлийн бай байх болов.
Де Ла Эсприэльягийн бодлоор ийм хандлага нь хүн амд зохион байгуулалттай гэмт хэргийн үзүүлэх нөлөө, дарамтыг тэлэх боломж олгож байлаа. Гэмт хэрэгтэй “хатуу гараар” тэмцэж, арми, цагдаагаа хүчтэй болгон, гэмт бүлэглэлүүдэд буулт хийхээс татгалзаж, тэдгээрийн толгойлогчдыг хатуу ширүүн цээрлүүлж байх нь энэ байдлаас гарах гарц. Бүс нутагтаа гэмт хэргийн бүлгүүд, тэдний бизнест хамгийн их эрс тэмцэл хийж буй Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букелен үйл ажиллагаанаас үлгэр авахыг дэмжинэ.
Колумби улс гэмт хэргийн түвшнээр дэлхийд хоёрт ордог. НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн түвшин тодорхойлдог байгууллагын баримтаар 2023 онд Колумбид санаатай аллага 100 мянган хүнд 25 орчим оногдож байсан нь дэлхийн дундаж үзүүлэлт (100 мянган хүнд тав орчим)-ээс үлэмж өндөр байжээ. Колумби нь хар тамхи үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог, түүний ихээхэн хэсэг нь АНУ руу гардаг байна. НҮБ-ын тайланд өгүүлснээр 2023 он хүртэлх дэлхийн хэмжээний хар тамхины ургамлын 67, үйлдвэрлэлийн 53 хувь нь Колумбид ногдож байжээ. Энэ нь 2001 оныхтой харьцуулсан үзүүлэлт юм. Хар
тамхины ургамлыг хууль бусаар хорт хийн тусламжтайгаар тариалах, гэмт хэргийн бүлгүүдийн эсрэг тэмцэлд агаарын цэргийн хүчин, армийг ашиглах, гэмт хэргийн ертөнцийн толгойлогчдыг эрэн хайх, баривчлах зорилгоор тусгай салбар байгуулахыг Де ла Эсприэлья эсэргүүцдэг байв.
Де ла Эсприэлья Колумбийнхаас гадна Америк, Италийн иргэний харьяалалтай юм. Сонгуулийн сурталчилгааны үед түүнийг эсэргүүцэгчид үүн дээр нь дөрөөлөх гэж их оролдсон байна. Ерөнхийлөгч Петро ч “Эх орноо хамгаалагчдын” нэр дэвшигчийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, де ла Эсприэльягийн сонгуулийн штаб АНУ, Израилаас дэмжлэг авч байсан гэж нотлохыг хичээжээ. Тэрбээр долоодугаар сарын дундуур “Колумби улс наймдугаар сарын 7-ноос үндэсний тусгаар тогтнолоо алдаж, 116 жилийн өмнөх шигээ хааны мэдэлд очих нь” гэж мэдэгдсэн байна. Үүний нь хариуд шинэ Ерөнхийлөгч “Колумбийн ард түмэнд зүтгэх нь миний цорын ганц үүрэг. Өөр улсын харьяалал нь эх орончийн зүтгэлийг сулруулахгүй” гэж хэлжээ. Гэлээ ч де ла Эсприэлья гэмт хэрэгтэй хийх тэмцлээ АНУ-ын тусламжид түшиглэхээр тооцоолж байгаа аж. Колумбийн халаагаа өгсөн Ерөнхийлөгчийг Дональд Трамп “хар тамхины бизнесийн толгойлогч” хэмээн үзэж, Богота хэрэв энэ үйл ажиллагаагаа зогсоохгүй бол хүч хэрэглэнэ хэмээн 2025 оны аравдугаар сард сүрдүүлж байжээ. Сонгуулийн сурталчилгааны үед де ла Эсприэльяг Дональд Трамп илт дэмжиж, мансууруулах бодисын эсрэг хийж буй тэмцэл, Америк-Колумбийн харилцааг бэхжүүлэхийн төлөөх чармайлт нь өөрийнхтэй нь адил байгааг онцолж байсан аж. Де ла Эсприэльяг улс төрийн туршлагагүй гэх асуудал хөндөгдөх үед тэрбээр Америк, Аргентиний Ерөнхийлөгчдийг жишээ болгодог байв. “El Tiempo”-гийн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа “Улс төрийн туршлага тэгтлээ чухал биш болохын жишээ нь Милей, Трамп нар” гэж хэлжээ. Түүний үзэж буйгаар Вашингтонтой цэргийн хийгээд худалдааны харилцаагаа сэргээж, мансууруулах бодистой тэмцэх, тагнуулын мэдээлэл солилцох, цэргийн бэлтгэл сургуулилалт, армийн хангамжийн салбарт хамтран ажиллах нь чухал байгаа юм. Гаазын зурваст байлдаан эхэлснээр 2024 оны тавдугаар сараас тасарсан дипломат харилцаагаа, “түүхэн хэлхээ” холбоогоо Израилтай сэргээхээ де ла Эсприэлья амлав. Венесуэл улстай хэвийн харилцаагаа мөн сэргээх байр суурьтай байна. Тэгэхдээ тэнд ардчилсан сонгууль хийх хүртэл Засгийн газартай нь бүрэн харилцаа тогтоохгүй аж. Де ла Эсприэлья Оростой хэрхэн харилцах тухай асуудлыг одоогоор хөндөөгүй. Украины талаар ч ямар нэг тайлбар хийгээгүй. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүний ялалтад баяр хүргэсэн цахилгаан утас илгээжээ.
Абелардо Габриэль де ла Эсприэлья Отеро 1978 онд Колумби улсын нийслэл Богота хотод төржээ. 2026 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд өөрийн үүсгэсэн “Эх орноо хамгаалагчид” хөдөлгөөнөөс бие даан нэрээ дэвшүүлэхээр 2025 онд албан ёсоор бүртгүүлсэн байна. Сонгуулийн сурталчилгааныхаа эхнээс л Аргентиний Ерөнхийлөгч Хавьер Милейг үлгэр загвар болгохоо мэдэгджээ. Тэрбээр үзэл бодлын хувьд чөлөөт зах зээлийн талыг баримталдаг, төрийн оролцоог багасгахыг дэмждэг, үр хөндүүлэхийг эсэргүүцдэг, гэмт хэрэгтэй эрс шийдвэртэй тэмцэхийг амладаг нэгэн.
Сонгуулийн кампанийнхаа үеэр гэмт хэрэгтэй хийх тэмцлийг гол чиглэлээ болгож, зэвсэгт бүлгүүдийн зургаан гишүүнийг нэр заан хүчнийхний тусламжтайгаар устгана хэмээн амлаж байв. Энэ ажиллагаа Колумбийн бүх гэмт хэрэгнүүдийн эсрэг чиглэж байгааг онцолсон. Түүнчлэн Сальвадорынх шиг том том шорон барихаар төлөвлөж буйгаа де ла Эсприэлья ярьсан байна. Тэрбээр хүч чадлаа харуулах үүднээс тангараг өргөх ёслолоо гэмт хэрэг гардгаараа алдаршсан Кали хотын их сурууль дээр зориуд хийжээ. Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн анхны өдөр нь л тус хотод хоёр ч дэлбэрэлт болж, цагдаагийн ажилтан амиа алдаж, хэд хэдэн хүн шархдав.
Эрчим хүчний талаарх Колумби улсын төрийн бодлогыг эргэн харж, нефть, хийн салбарт үзүүлэх дэмжлэгийг нэмэгдүүлэн, улсынхаа эрчим хүчний аюулгүй байдлыг өөрийн засаг захиргааны тэргүүлэх чиглэл болгоно хэмээн Ерөнхийлөгч мэдэгдсэн байна. Яван нефть, байгалийн хий, нүүрсээс татгалзаж, эрчим хүчний шинэ эх үүсвэр ашиглана хэмээн тангараг өргөх ёслол дээрээ хэлсэн. Гэхдээ байгалийнхаа нөөц боломжийг боловсруулж ашиглахаас татгалзах нь эдийн засгийнх нь хөгжлийг удаан хугацаагаар хойш чангаана гэдгийг тэрбээр бас ойлгож буй юм байна. Тиймээс нефть, хий хайх шинэ хэлэлцээр байгуулахыг зогсоогоод байсан түрүүчийн Ерөнхийлөгч Петрогийн бодлогыг эргэн харж, нүүрстөрөгч олборлох ажиллагаагаа өргөжүүлж, Колумбийн төсвийн орлогын томоохон эх үүсвэр болдог нефть, хийн “Ecopetrol” гэдэг улсын компанийн байр суурийг сэргээн бэхжүүлнэ хэмээн мэдэгдсэн байна. Тус компани улсынхаа нефтийн үйлдвэрлэлд 60 орчим хувийг эзэлдэг юм. Ер нь нефть, хийн салбар тус улсын орлогын нэг гол эх үүсвэр. Колумби улсын нефтийн батлагдсан нөөц 2.036 тэрбум баррель, байгалийн хийнх нь 83 тэрбум гаруй кубметр юм.
Улсаа олон улсын хэд хэдэн байгууллагаас гаргаж, Никарагуа, Куба улсын ЭСЯ-ыг хаах, Палестиний ЭСЯ-ыг нээх тухай өмнөх Засгийн газрын шийдвэрийг цуцлахаар төлөвлөж буй аж.
Колумбийн шинэ Ерөнхийлөгчийг дэмжиж АНУ нэг тэрбум ам.доллар өгөх гэнэ. Ийм мэдээллийг Төрийн департамент нь олны сонорт хүргэжээ. Уг хөрөнгийг аюулгүй байдлын салбарт нь үзүүлэх тусламжийн багцад оруулан хуваарилах юм байна. Энэ мөнгө бөмбөрцгийн баруун хагаст зохион байгуулалттай гэмт хэрэг, мансууруулах бодисын наймаатай АНУ-тай хамтран тэмцэхэд нь зориулагдах юм.
Де ла Эсприэлья гэргийтэй, дөрвөн хүүхэдтэй. Шүтлэггүй байснаа сүүлд католик шашинд оржээ. АНУ-ын Майамид зоогийн газар эзэмшдэг, мөн барилгын хэд хэдэн компанитай. Уран зохиолын хэд хэдэн ном, эсээ, дууны үг бичсэн, хоёр ч олон ангит болон улс төрийн агуулгатай кинонд тоглосон.
Эцэст нь тэмдэглэхэд, де ла Эсприэльяг албаа аваад тун удаагүй байхад Колумбид газар 7.4 магнитудын хүчтэй хөдөлж, сүүлийн үеийн мэдээгээр 300 шахам хүн амь үрэгдлээ. Үүнтэй холбогдуулж Ерөнхийлөгч улс орондоо онцгой байдал зарлав. Байгалийн аливаа гамшиг ямар ч улсын төр засгийн тэргүүн, нөлөө бүхий улс төрийн хүчин, улс төрчдөд сорилт болдог билээ. Де ла Эсприэльягаас ч мөн “шалгалт” авахад эргэлзэх юун.
Р.Жаргалант