МУБИС-ийн урд буюу олны нэрлэж заншсанаар Багшийн дээдийн автобусны буудлын дэргэдэх нүхэн гарцыг засаж шинэчлэх, өнгө үзэмжийг нь сайжруулах ажил өнгөрсөн тавдугаар сарын 9-нд эхэлсэн билээ. Тус гарцыг ашиглалта доруулаад 17 жил болсон ч энэ хугацаанд урсгал засвар хийгээгүйгээс хана, тааз нь элэгдэж, улмаар хараалын болон ёс бус үг хэллэгээр дүүрсэн байв. Харин Z үеийн 20 орчим залуу нэгдэн, нүхэн гарцыг угааж цэвэрлэн, шинэ гэрэлтүүлэг, хяналтын камер суурилуулж, таазыг нь цагаан өнгөөр буджээ. Мөн хананд нь монгол зургийн арга барил ашиглан уран зураг, шүлэг туурвиж, Монголын нэрт яруу найрагчдын сор бүтээлүүдийг үндэсний бичгээр бичсэнбайна. Ингэснээр иргэдэд үндэсний өв соёл, үнэ тзүйлсийг сурталчлахыг зорьжээ.
Хотын хамгийн их хөдөлгөөнтэй бүсийн нэг гэгддэг эл нүхэн гарцыг ийнхүү шинэчилснээр иргэд цэвэр цэмцгэр, аюулгүй орчинд зорчих боломж бүрдэх юм. Түүнчлэн залуусын сайн дурын санаачилга нь нийтийн эзэмшлийн талбайг тохижуулахын зэрэгцээ хайрлан хамгаалах, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох боломжтойг харуулж буй. Энэхүү үйл ажиллагаа зөвхөн орчныг нь өнгө үзэмжтэй болгохоос гадна залуусыг сайн дурын үйл ажиллагаанд татан оролцуулах, нийтийн эд хөрөнгийг хамгаалах хандлагыг төлөвшүүлэхэд чиглэж буйгаараа онцлогтой. Сэргээн засварласан Багшийн дээдийн нүхэн гарцын албан ёсны нээлт өнөөдөр болох аж.