АНУ-ын Нью-Йорк хотод төвтэй, 100 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг “J.P.Morgan”-ыг зах зээлийн үнэлгээ нь нэг их наяд ам.долларт хүрсэн дэлхийн анхны банк болох магадлалтай гэж үзжээ. Түүнчлэн санхүүгийн үйлчилгээний “Wells Fargo” корпорацын шинжээчид тус компанийн үнэлгээ ирэх жилүүдэд хоёр их наяд ам.долларт ч хүрэх боломжтой гэж таамагласан байна. Сүүлийн гурван сард хувьцаа нь 21 хувь өссөн тус банкны өнөөгийн үнэлгээ 965 тэрбум ам.доллар. Үүнд “J.P.Morgan”-ы арилжаа болон компаниудын нэгдэл, худалдан авалтын бизнес эрчимтэй өссөн нь голчлон нөлөөлж, улмаар тэд түүхэн дээд хэмжээний ашигтай ажилласан нь саяхан. “Wells Fargo”-гийн шинжээч Майк Мэйо тайландаа “J.P.Morgan” зах зээлд эзлэх байр сууриа тасралтгүй бататгаж, бизнесийн бүтцээ оновчтой тодорхойлсон нь амжилтад хөтөлжээ. Өөрөөр хэлбэл, тэдний ашигт ажиллагаа бусдаас онцгой өндөр. Тэд хөрөнгө оруулалтаасаа чамлахааргүй өгөөж хүртэж, түүгээрээ өөр бизнест хөрөнгө оруулснаар өөрөө өөрийгөө тэтгэдэг өсөлтийн мөчлөгийг бий болгосон” хэмээн онцолсон юм.
Тус банкныхан өнгөрсөн сард олон нийтэд танилцуулсан санхүүгийн тайландаа 2026 оны хоёрдугаар улиралд 21.1 тэрбум ам.долларын цэвэр ашиг олсноо дурдсан. Энэ нь өмнөх жилийн мөн үеийнхээс 41 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн тус банкны хувьцаа арилжааны улирлын орлого зургаан тэрбум ам.долларт хүрсэн нь шинжээчдийн хамгийн өндөр хүлээлтээс ч давсан үзүүлэлт болсон байна. “Wells Fargo”-гийн үзэж буйгаар “J.P.Morgan” бизнесийн хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлснээр ирэх 7-8 жилд хоёр их наяд ам.долларын үнэлгээтэй компани болох нь.