Нацист Германы дээд удирдлагын хэргийг Нюрнбергийн шүүхээр шийдвэрлэсэн эхний буюу гол хуралдаан болсноос хойш 12 удаа уг хэргийг хэлэлцсэнээс хамгийн жихүүцэм нь 1946 оны аравдугаар сарын 25-нд эхэлсэн байдаг. Энэ нь бөөнөөр хорих лагерьт байсан хүмүүс дээр туршилт хийсэн гуравдугаар Рейхийн эмч нарын үйлдсэн хэргийг шүүсэн хурал байсан аж. Хэрэгтний суудалд 20 эмч, төрийн гурван ажилтан сууж байв. Уг ажиллагаа түүхэнд “Карл Брандтын эсрэг АНУ” нэрээр бичигдэж үлдсэн байна. Гол буруутан нь фюрерийн хувийн эмч. Түүнийг зургаан хүний хамт цаазаар авсан. Гэхдээ эмч мэргэжилтэй эдгээр урвагчдын амьд хүмүүс дээр хийсэн зэрлэг, балмад туршилтыг иймхэн цээрлэлээр хэлтрүүлж үл болно. Нацистууд насанд хүрээгүй иргэн Е-г 1943 оны наймдугаар сараас эхлэн эмнэлгийн туршилтаар шаналгасан байдаг. Түүнийг бусад хүүхэдтэй цуг Могилевийн олноор хорих лагерьт өлсгөлөнгөөр тарчлаажээ. Хөөрхий тэр хүүхдүүд идэх юм өгөхийг гуйж, хашхирч, уйлж байсан гэдэг. Эцэст нь, харуулуудын нэгнийх нь сэтгэл хөндүүрлэсэн юм байлгүй, бяцхан хоригдлуудад хоол өгсөн байна. “Нэг, хоёр цаг өнгөрсний дараа тэр өгсөн юм нь нэг л биш байсан нь мэдрэгдэж, би айхавтар өвдөж, шөрмөс татаж, дотор муухайрч, гүйлгэж, улмаар халуурав. Уг “дайллагаас” олон хүүхэд амиа алдсан. Хөл маань мэдээгүй болж, хэдэн долоо хоног явж чадахгүй байсан” гэж Е дурсан ярьсан байдаг. Түүний бие сайжирч ирмэгц нацистын эмч аманд нь нэг тариа хийчихжээ. Е ямар гээч тариа хийснийг яаж мэдэх вэ, бие нь сайжирч нацистын тамаас амьд суллагдав. Тэрбээр ердөө наймхан настай байлаа. Тамын туршилтын ул мөр болж, баруун хацар дээр нь тарианы сорви үлджээ.
Нацист дэглэм арьс өнгөний цэвэрлэгээ хийхийн босгон дээр ирээд анагаах ухааныхаа байдалд сэтгэл зовжээ. Гитлер засгийн эрхэнд гармагцаа еврей гаралтай эмч нарыг мэргэжлийн ажлаас нь зайлуулж, тэдний орыг анагаахын сургуулийн оюутнууд эзлэв. 1939 он болоход Германы эмч нарын олонх нь Национал социалист намын гишүүн болсон байлаа. Дотоодыг хамгаалах яамны Эрүүлийг хамгаалах департаментийн дарга, доктор Артур Гютт 1935 онд хэвлүүлсэн “Гуравдугаар Рейхийн нийгмийн эрүүл мэндийн бүтэц” хэмээх номдоо “Аливаа үндэстний тэргүүн зэргийн үүрэг нь хүн амынхаа гойд эрүүл, генетикийн хувьд үнэ цэнэтэй хэсэгт нь амьдарч, оршин тогтнох боломж олгох явдал бөгөөд энэ нь манай ард түмний генетикийн хувьд бүрэн үнэ цэнтэй, арьс өнгөний хувьд цэвэр генифонодыг нь хадгалахын тулд юм” гэж бичсэн нь нацист эм чийн бодол фюрерийнхээ хөтөлбөртэй ихэд нийцсэн байв. Германы анагаах ухаан, судалгаа шинжилгээний ажлын уруудаж доройтох нь ари үндэстнийг сайжруулах тухай онолыг хөгжүүлснээс нь эхтэй аж. Бие бялдар хийгээд сэтгэхүйн хувьд дутагдал, доголдолтой хүмүүсийг амьд байх хувь зохиолгүй хэмээн зарласан байна.
Дайн дууссаны дараа Германы хүний ёсноос гажууд эмч нарын үйлдэж байсан хэргийг мартсангүй, тэдний гараас эсэн мэнд мултарсан хүмүүсийн өгсөн гэрчийн мэдүүлэг маш илэн далангүй байжээ. Германы цэргийн гэмт хэрэгтнүүдийг шүүсэн Нюрнбергийн цууд гарсан шүүх хурал дуусахтай зэрэг Америкийн шүүгчид нацист эмч нарын хэргийг шийдвэрлэх хурлыг мөн энэ хотод хийсэн байна.
Тус хурал дайны үед болж байсан олон түмний санаанд багтамгүй үйлдлүүдийг, айдас төрүүлсэн үнэнийг илчлэн харуулжээ. Цэргийн энэ шүүхийг Герман дахь цэргийн засаг захиргаа 68 дугаар тушаалаараа 1946 оны аравдугаар сарын 25-нд байгуулсан байна. Түүний бүрэлдэхүүнд Гарольд Себринг, Жонсон Кроуфорд, Виктор Свиринген нарын туршлагатай хуульчид оржээ. Вашингтон хотын Дээд шүүхийн дарга Уолтор Билс даргалж Жеймс Макхени гол яллагчаар оролцсон байна. Тэдний гарт маш олон тооны баримт, нотолгоо, гэрчилгээ цугларсан байлаа.
Шинжээчдийн удирдагч Клио Штрайтын хэлснээр нацистын эмч нар хүмүүсийг зүгээр л алаад байсангүй, хорт хийгээр утахаас илүүтэй зовоож, тарчлаах арга хэрэглэж байжээ. Хэрэгтний суудалд 35-62 насны 20 орчим эмч суусны дөрөв нь мэс засалч, гурван арьсны эмгэг судлаач, дотор өвчний мэргэжилтэн, дөрвөн бактери судлаач, рентген эмч, хоёр ерөнхий эмч, генетикч, дөрвөн судлаач байв. Тэдэнтэй хамт Дотоод хэргийн яамны хэрэг эрхлэх газрын дарга Рудольф Брандт, “Аненеберг” хэмээх нийгэмлэгийн дарга Вольфрам Зиверс, фюрерийн ерөнхий адьютант Виктор Брак нар байжээ.
Карл Брандт гэгч нь 1934 оноос Гитлерийн хувийн эмчээр ажилласан байв. 1942 оны долоодугаар сард фюрер түүнийг эрүүлийг хамгаалах, анагаах ухааны салбарт онц эрхтэй эмчээр томилж, 1944 оны наймдугаар сард нацист Германы эмнэлгийн албаны тэргүүн болгосон байна. СС-ийн хошууч генерал Брандт эмч нарыг эдгээх, туслахаар хүлээлгэсэн тангарагийн нь эсрэг тарчлаагч, алуурчин болгож хувиргасан хөтөлбөрийн гол хүн байжээ. Бусад нь ч ялгаагүй. СС-ийн дэслэгч генерал Зигфрид Хандлозер гэхэд Вермахтын эмнэлгийн албыг, Оскар Шрёдер Агаарын цэргийн хүчний эмнэлгийн албыг, Карл Генцкен СС-ийн эмнэлгийн албыг удирдаж байжээ.
Нюрнбергэд болсон шүүхийн бусад хурлын адил эмч нарын хэргийг нээлттэй хэлэлцсэн байна. Хэрэгтэн бүр герман өмгөөлөгч авчээ. Хэргийг дөрвөн агуулгад хуваасан нь: Цэргийн болон хүн төрөлхтний эсрэг, цэргийн гэмт хэрэгт оролцсон, харгис хэрцгий, хайр найргүй хандаж, тамлах, садист маягаар хандах зэрэг хүмүүн бус үйлдэл, СС гэсэн товчилсон нэртэй, Олон улсын цэргийн шүүх гэмт хэргийн гэж зарласан байгууллагад гишүүн байсан. Шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн Рудольф Брандт, Курт Бломе нар хүмүүсийг хайр найргүй алж хяддаг, эсвэл хорих лагерь руу явуулж тэнд нь хэдэн мянгаар нь үхүүлдэг онцгой хандлагын гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байв. Амьтанд харгис хэрцгий хандахыг хориглосон тушаал 1933 онд Германд гарсан байлаа. Зэрлэг амьтан, шувуунд туршилт хийхийг хууль бус гэж үзэх болжээ. Гэтэл анагаах ухаан шинэ судалгааг шаардах болсон байна. Туршилт хийдэг байсан хулгана, молтогчныг хүн орлох болжээ. Гиммлер “туршилт хийхээ бүү зогсоо” гэж эрдэмтдэд хэлсэн байна. Ингээд тэд хүн дээр туршилт хийж гарах нь тэр. Нацист Германд эзлэгдсэн орны иргэд юуны түрүүнд туршилт хийх “амьтад”-ын үүрэг гүйцэтгэх боллоо. Маш нууц байдалд хөгшдийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газар, эмнэлэг, сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг эмчилдэг газруудад эдгэшгүй өвч тэй, тахир дутуу хүүхдүүд, өндөр настнуудыг зохион байгуулалттайгаар “хядаж” байв. Тухайлбал, Францад 112 хоригдлыг сонгож аваад амьгүй болгож, махыг нь шулж, ясыг нь ССийн анатомын сургуулиуд руу явуулж байжээ. Польш дахь Германы эрх баригчдын нэг нь сүрьеэ өвчтэй олон арван мянган хүнийг устгах зөвшөөрлийг Гиммлерээс авсан байна. Рейхсфюрерийн ганц хүсэл нь ийм цэвэрлэгээндээ бусдын анхаарлыг татахгүй байх явдал байсан аж.
Хүмүүсийг хороохдоо хорт хий юм уу, амь алдуулах тариа өргөн хэрэглэдэг байж. Төрөл садныханд нь болохоор зүрхний дутагдал ч юм уу, аргагүй шалтгаанаар үхсэн гэж хэлнэ. Хүмүүсийн амийг өөрийн дураар хороох гэмт хэрэгт оролцсон эмч нарыг тухайн улсад үй олноор хөнөөх “ажил” эрхлүүлэхээр Зүүн Европын эзлэгдсэн улсууд руу явуулж байжээ. 1941 оны арванхоёрдугаар сарын 29нд Германы анагаахын салбарын удирдагчдыг оролцуулан хийсэн зөвлөгөөнөөс тахианы эмборион дээр ургуулж авсан эсэргэнэт хижиг эсэргүүцэх вакцин хэр тэсвэртэй, үр дүнтэй болохыг турших шаардлагатай талаар шийдвэр гаргасан байна. Амьтан дээр туршаад үр дүнг нь бүрэн гаргах боломж олдоогүй тул хүн дээр хийжээ. Тэгээд эсэргэнэт хижгийн вакциныг турших газраар Бухенвальдын бөөнөөр хорих лагерийг сонгож авав. Эндхийн ерөнхий эмч нь Вальдемар Ховен байсан бөгөөд амьд үлдсэн хоригдлуудын гэрчилснээр долоо хоногт 90100 хоригдолд үхүүлэх тариа хийдэг байжээ. Энэ Ховен гэгч 1920-иод онд аз жаргал эрэн, Америкт орчоод Холливудэд жүжигчдийн олны хэсэгт орж хэсэг байснаа Парист очсон ч хүний газар тэнэж явахаас залхаж, Фрайбургтээ эргэж ирээд анагаах ухаан судлахаар шамджээ. Вальдемар Ховенийг хамт ажилладаг хүмүүс нь сайн эмч гэдэггүй байсан ч тэрбээр удирдлагатайгаа хэл амаа ололцож чаддаг байв.
Бухенвальдад Зигмунд Рашер гэдэг эмч туршилт судалгаа хийж буй нь гээд хоригдлуудыг мөстэй усанд оруулж үхүүлдэг байв. Амьд үлдсэнийг нь айхавтар халуун дулаан газар хэсэг байлгана. Освенцимд хоригдож байгаад амьд үлдсэн нэгэн хоригдол “Намайг өдөр бүр буцлам халуун усанд оруулна. Тэгээд амьсгаа авахаар уснаас толгойгоо цухуйлгамагц доктор Йозеф Менгеле саваагаар цохиж буцааж оруулна. Үүндээ тэр их баясна. Гаргаж ирээд шууд цэл хүйтэн усанд оруулна, энэ үйлдэл давтагдаад л байна” хэмээн ярьсан байна.
Өөр нэг туршилтаар хүмүүсийг нүцгэлж хүйтэнд зогсоож, хөрөх, хөлдөх үйл явцыг нь тэмдэглэж авдаг байж. 1942 оны хоёрдугаар сараас 1945 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хоригдлуудад шумуулын шүлстэй тариа хийж, өвчин авах шинж байдлыг нь туршиж байжээ. Ийм туршилтыг 1000 гаруй хоригдолд хийхэд амьд үлдсэн нь насан туршдаа эдгэшгүй хүндээр өвчилж, ажил хийх чадваргүй болсон байна. Бас хүний тэсвэрлэх чадварыг туршиж үзэж байв. Хүн хэр өндөрт байж чадахыг туршиж, агаар орчны нөхцөлийг зохиомлоор бүрдүүлсэн барокамерт хоригдлуудыг оруулахад олонх нь хүнд гэмтэл авч, бас олон ч хүн амиа алджээ. Эмч нарын хэргийг шүүх хурал дээр түргэн бичих ажил хийж байсан Вивьен Шпиц гэдэг эмэгтэйн гэрчилснээр Карл Холленрайнер индэр дээрээс шүүгдэгчийн ширээ рүү үсэрсэн нь доктор Вильгельм Байкльбекийн санаачилсан хутга биед нь хэр зоогдохыг үзүүлэх зорилготой байжээ. Шар өвчин халдаах туршилтыг бөөнөөр хорих Заксенхаузен лагерьт цаазлуулах ял авсан хоригдлууд дээр хийж байв. Үүнийг санаачлагч нь мөнөөх л Карл Брандт. Туршилтыг мэс заслын аргаар, эмийн тусламжтайгаар ч хийдэг байлаа. Адольф Покорни гэгч 1941 онд өөрийн босс Гиммлертээ “Германд одоо олзлогдоод байгаа гурван сая большевикийг ариутгаж, өсөж үржихийг нь зогсоож, ажилчин болгон ашиглах ирээдүй бий” гэж бичиж байжээ.
Освенцимд доктор Карл Клаумбергийн боловсруулсан эмэгтэйчүүдийг “ариутгах аргыг хэрэглэж, олон мянган бүсгүйг үр тогтоох боломжгүй болгосон байдаг. СС-ийн оберфюрер Виктор Брак гэгч 1941 онд мөн Гиммлерт санал болгосон аймшигтай төлөвлөгөөндөө “хүүхнүүд”-ийг ямар нэг аргаар хаана ч юм бэ хэдхэн минут саатуулахдаа рентген туяа ашиглаж өөрсдөд нь мэдэгдэлгүйгээр үргүй болгож байхаар тусгасан гэдэг. Бракийн үзсэнээр радиацийн ганцхан төхөөрөмжөөр өдөрт 150200 хүнийг “цэвэршүүлж” болох бөгөөд 20 аппарат хэрэглэвэл 3000-4000 хүнийг “цэвэршүүлж” чадах байв. Гэхдээ рентгений туяагаар үргүй болгох нь төвөгтэй биш ч үүнд өртсөн эмэгтэй түүнийг хэзээ нэгэн цагт мэдэхгүй байх боломжгүй гэж Брак тэмдэглэсэн байх юм. Олзлогдсон улаан армийн цэргүүдийг хортой сумаар буудаж, янз бүрийн бодис хүний организмд хэрхэн нөлөөлдгийг яргачин эмч нар судалдаг байж. Хоолонд нь хор хийж өгөөд, хэрхэн үйлчлэхийг нь ажиглах бол наад захын юм байв. Хоригдлуудыг зугтах оролдлого хийхэд СС-ийн оберштурмфюрер Розенбаум өөрийн мэдэлд байх герман овчарк нохдоо араас нь тавьчихна. Нэгэн хоригдлын ярьснаар тэд нохдынхоо шүдэнд тусгай хор түрхчихдэг байсан гэнэ. Тэгээд ноход хазаад үүсгэсэн шархнаас цус, мах авч шинжилдэг байв.
Америкийн бригадын генерал Телфорд Тейлорын ярьснаар шүүхийн ажиллагаа англи, герман хэл дээр явагдана. 139 өдөр хурал үргэлжилж, зургаан өдрийг нь хуульчид болон шүүгдэгчдийн ярианд зориулсан аж. Энэ хугацаанд 32 гэрч, шүүгдэгчдийг оролцуулаад 53 хүн хамгаалж үг хэлсэн байна. Бичгээр 570 мэдүүлэг, тайлан, баримт ирүүлжээ. 20 эмч, төрийн гурван ажилтан шүүгдсэн нь цагаан халаадтай нацист алуурчдын ердөө л өчүүхэн хэсэг, далайн дусал л гэсэн үг аж. Анагаах ухааны этикийн зарчимд харшилсан гэмт хэрэгт ойролцоогоор 350-иас доошгүй эмч, ажилтан оролцсон гэж үздэг юм байна. “Ариутгагч” Карл Клаубергийг 1948 онд ЗХУ-д шүүж, долоон жилийн дараа ХБНГУ-д шилжүүлэн өгч, тэндээ нас баржээ. Үнэний шүүхээс олон хүн зугтаж амжсан төдийгүй бүр сураггүй болсон гэмт хэрэгтэн ч цөөнгүй. Тэдний нэг нь хүүхдийг үй олноор хөнөөсөн “үхлийн Ангел” хоч хүртсэн Йозеф Менгеле. Карл Брауныг албан ёсоор 1946 оны арваннэгдүгээр сарын 21-нд яллажээ. Гэмт хэрэгтнүүд буруугаа хүлээхгүй байснаас шүүхийн ажиллагаа 1946 оны арванхоёрдугаар сар хүртэл хойшилж, 1947 оны долоодугаар сарын 3-нд дуусжээ. 20 эмчээс долоо нь цаазын ял авч, тав нь насаараа хоригдох шийтгэл хүлээж, дөрөв нь 10-20 жил шоронд суухаар, долоо нь цагаатгагдсан байна.
Р.Жаргалант