Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын дарга, бригадын генерал А.Намсаманд тэргүүтэй удирдлага өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд болон ХЗДХЯны эрх бүхий албан тушаалтны байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж байгаа талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Манай байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаа, аюулгүй байдалд эрсдэл учруулж тун болзошгүй нөхцөл байдлууд бий болоод буй учраас бид энэ мэдээллийг хийж байна. Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайдын шууд томилдог, манай байгууллагын тэргүүн дэд дарга гэх албан тушаалтан бүх хорих анги, байгууллагаа хариуцдаг. Энэ хүн Төрийн болон албаны нууцын тухай хуулийг удаа дараа зөрчсөн асуудлыг бид ярьж байсан. Удаа дараа манай байгууллагын аюулгүй байдалд ноцтой хор хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа тул хуулийн байгууллагад шалгуулахаар төлөвлөж байна.
Нөгөөтээгүүр, Хууль зүй, дотоод хэргийн сайдаас хуулийн болон албан тушаалын тодорхойлолтод бүрэн нийцээгүй алба хаагч дыг дэвшүүлэн томил гэдэг шаардлага тавьдаг. Одоо ч шахсаар байгаа. Яамаа, сайдаа хүндлээд тодорхой томилгоонууд хийсэн. Тухайлбал, жолоочийнхоо эхнэрийг дарга болго гэсэн, болгосон. “Төр хур” амралт сувиллын газрын даргыг ч түүний хүсэлтээр томилсон. Мөн тэр жолоочийнхоо төрсөн дүүг дарга болго гэсэн. Архангай аймгийн Шийдвэр гүйцэтгэх газрын дарга болгосон.
ХЗДХЯ-ны Хяналт, шалгалтын газрын дарга, бригадын генерал Д.Дамдинцэрэнгийн төрсөн дүүг дарга болго гэсэн, болгосон. Гэтэл дахин шахсаар л байгаа. Зарим томилгоог нь хийхгүй байхаар хэлэх, хэлэхгүй үгээр дайрдаг, сүрдүүлдэг.
Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа гэж манай байгууллагын үндсэн нэг чиглэл байдаг. Улс төр, бизнесийн нөлөө бү хий хүмүүсийн хамаарал бүхий аж ахуйн нэгжийн өр төлбөртэй холбоотой материалыг яамнаас шууд удирддаг. Яамны Хяналт, шалгалтын газрын дарга өрөөндөө дуудаад шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удирдаж болохгүй. Манай байгууллагын онцлогийг мэддэг, генерал цолтой хүн ахлах шийдвэр гүйцэтгэгчийг өрөөндөө дуудаад, үүрэг даалгавар өгч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гацааж байна. Сайдын хамаарал бүхий компани дөрвөн сая гаруй ам.долларын төлбөртэй байна. Өөр нэг сайдын хамаарал бүхий компани 53 тэрбум төгрөгийн төлбөр төлөх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа бий. Бид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах гэсэн боловч салбарын сайд хэлэх, хэлэхгүй үгээр дайрч, “Чамайг байранд чинь тавина аа, ажлыг чинь авна аа” гэдэг. Би хэн нэгэн сайдад хууль бус үүргийг нь биелүүлнэ гэж тангараг өргөөгүй” гэж мэдэгдлээ.
Г.Орчлон