Нийслэлийн удирдах ажилтнуудын өчигдрийн шуурхай хуралдаанаар улс, нийслэлийн төсвөөр хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтуудын явцыг хэлэлцэж, өвөлжилтийн бэлтгэл, авто замын засвар, шинэчлэлийн ажлыг шуурхайлахыг даалгалаа. Энэ онд хотод нийт 544 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж буйгаас барилга угсралт, их засварын 491 ажил 71 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Нийт төслийн 305-ыг нь 2025-2026 он дамжуулан хэрэгжүүлж буйг Хөрөнгө оруулалтын газрын дарга М.Говьсайхан танилцуулав. Өнөө жил шинээр барьсан есөн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол орон сууцын фасад засварын 61 төсөл 66 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Улаанбаатарт өдгөө 32.14 км авто зам засаж, шинэчилж байгааг Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр мэдээллээ. Үүнээс Сэлх, Дамбадаржаагийн уулзвараас Бэлхийн эцэс хүртэл, Монелийн гэсэн гурван байршил дахь 14.54 км гол болон туслах зам, гудамжийг өргөтгөн шинэчилж дуусжээ. Түүнчлэн төвийн зургаан дүүрэгт орон сууцын хороолол доторх 17.6 км замыг зассан байна. Мөн “Сэлбэ-20 минутын хот”-ын бүтээн байгуулалттай холбоотойгоор 100 айлын торлог, орон сууцын хороолол доторх замууд, олон түвшний уулзваруудыг шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр болсон гэв. Хотын дарга Б.Пүрэвдагва өвөлжилтийн бэлтгэлийг хангах хүрээнд түлшний нөөц, түгээлт, тээвэрлэлт, угаарын эрсдэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийг сайтар төлөвлөх, нийтийн тээврийн шуурхай байдлыг нэмэгдүүлж, оргил ачааллын үеэр автобусны тоо, чиглэл, давтамжийг нэмэх, сургуулийн автобусны үйлчилгээг яаралтай жигдрүүлэх, эмнэлгүүдийг бэлэн байдалд ажиллуулж, тусламж, үйлчилгээг чанаржуулах үүрэг, даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм.
О.Ундрах