Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумд барьж буй 90 МВт-ын хүчин чадалтай, жилд 360 сая кВт/цаг эрчим хүч үйлдвэрлэх боломжтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлын явц 40 орчим хувьтай байгааг мэдээллээ. 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулах уг станц баруун бүсийг эрчим хүчээр бүрэн хангахаас гадна төвийн системийг ч дэмжинэ хэмээн тооцож буй юм. Мөн 100 орчим байнгын ажлын байр бий болж, усалгаатай газар тариаланг хөгжүүлж, аялал жуулчлалын шинэ чиглэл үүсгэх зэргээр нутгийн иргэдийн ахуй амьдралд олон эерэг нөлөө үзүүлэх аж. Одоогоор дээрх станцын барилгын суурийн ажил дуусаж, ус хуримтлуулах худаг, 1-4 дүгээр генераторын эхний давхаргын бетон цутгалтыг хийсэн байна. Уг усан цахилгаан станцыг барьснаар 11 тэрбум шоо метр багтаамжтай усан сан, далан бий болгоход урт нь 24, өргөн нь дөрвөн км үргэлжлэх хиймэл нуур үүсэх аж. Түүнийг “Шүтээн нуур” гэж нэрлэхээр болжээ.
С.Дулам