“Нийгэм, эдийн засгийн үзүүлэлт суралцагчдын гүйцэтгэлд нөлөөлж байна. Амжилт гаргахын тулд эцэг, эх, асран хамгаалагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, тэдний боловсролыг ахиулах хэрэгтэй” хэмээх зөвлөмжийг Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу “ПИСА2025” бидэнд өгөв. Анхаарал татсан өөр нэг зүйл нь нийгэм, эдийн засгийн доод бүлгийн суралцагчдын 13 хувь нь байгалийн ухааны гүйцэтгэлийн хамгийн дээд түвшинд үнэлэгдсэн явдал. Тэд бэрхшээлийг даван гарах чадвартай буюу нийгэм, эдийн засгийн тааруу нөхцөлд амьдардаг ч сурлагын амжилтаараа хамгийн дээд гүйцэтгэл үзүүлснийг OECD (Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага) тодотгосон билээ. Гэхдээ монгол хүүхдүүд хэдий болтол бор зүрхээрээ зүтгэж, бодлого нь тодорхойгүй боловсролын салбарын “туршилтын туулай” байх вэ.
АХИЦ БА УХРАЛТ
Монгол Улсын гурван сурагч тутмын хоёр нь уншсан зүйлээ ойлгохгүй, хоёр хүүхдийн нэг нь байгалийн ухааны суурь түвшний мэдлэггүй, математикийн ур чадвараар үе тэнгийнхнээсээ нэлээн хоцорч явааг Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ буюу ПИСА-2022 онд илчилсэн. Энэ “шок”-ноосоо гараагүй байхдаа бид дараагийн үнэлгээнд 2025 оны гуравдугаар сард хамрагдсан билээ. Үнэлгээний дүнг энэ сарын 8-нд танилцуулсан бөгөөд гурван жилийн өмнөхөөс төдийлөн ахиц үзүүлээгүй төдийгүй унших чадвар, математикийн сорилд хойш суусан байв.
Анхны үнэлгээ буюу 2022 онд бид ямархуу байдалтай байсныг эргэн саная. Монгол Улс 81 орноос 47 дугаар байрт жагссан. Үүнийг шилдэг гүйцэтгэл үзүүлсэн хэмээн зохион байгуулагчид онцолж байв. Учир нь манай сурагчид Тайланд, Гүрж, Узбекистан Камбож зэрэг зарим жишиг улсын хүүхдүүдээс өндөр оноо авч, Казахстантай харьцуулахад ойролцоо байсан юм. Гэхдээ энэ нь Азийн улс орнуудын дундаж гүйцэтгэл болох 451 оноонд хүрээгүйг мартах учиргүй. Сурагчдын унших чадвар хангалтгүй гарсан нь олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртсөн. Өөрөөр хэлбэл, манай сурагчдын ердөө долоон хувь нь л хангалттай хэмжээнд үнэлүүлсэн. Байгалийн ухааны суурь түвшин мөн л доогуур гарсан. Гүйцэтгэлийн хувьд Тайландын сурагчдынхтай ойролцоо, Казахстан, Вьетнамаас бага оноо авсан юм.
Харин 2025 онд манай сурагчид амьдралдаа сэтгэл хангалуун байдаг нь сайн сайхан байдлын судалгаагаар илэрсэн юм билээ. Эл үзүүлэлт OECD болон Азийн улсуудын сурагчдаас харьцангуй өндөр байв. Мөн Монголын 15 настай сурагчдын 82.4 хувь нь “Сургуульдаа шинэ зүйл сурах дуртай” гэжээ. Энэ үзүүлэлт Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 68.8 хувийн дунджаас хавьгүй өндөр. Сониуч зангийн индексээр ч эхний аравт багтсан байна. Өөрөөр хэлбэл, манай 15 настнууд өсөн дэвжих хүсэлтэй, сониуч, багш нар нь тусалж, дэмждэг гэдэгт итгэдэг байх нь. Энэ бол маш сайн хөрс, харин төр засаг “юу тарьж, ургуулахаа” зөв шийдэх хэрэгтэйг багш нар онцоллоо.
ХҮЙСИЙН ЯЛГАА ХҮЧТЭЙ ХЭВЭЭР
“ПИСА-2025”-д Хятад, Эстони, Япон, Өмнөд Солонгосын хүүхдүүд толгой цохиж, тодорсон. Ерөнхийдөө Бээжин, Шанхай, Жянсу, Жэжян, Макао, Тайванийн сурагчид өндөр оноо авсныг зохион байгуулагчид цохон тэмдэглэсэн билээ. Харин манайх өмнөх амжилтаасаа хоёр үзүүлтэд нь ухарч, байгалийн ухааныхад л арай дөнгүүр үнэлүүлсэн. Үүнээс үзэхэд Монголын боловсрол дэлхийн хаана явна гэдэг сонирхолтой. Гэвч өнөөг хүртэл манай улсын боловсролын чанарыг олон улсын жишиг үзүүлэлттэй харьцуулсан судалгаа, мэдээлэл хязгаарлагдмал. Иймд Сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд хамрагдах нь зайлшгүй чухал хэдий ч боловсролын салбарт олигтой шинэчлэл хийгээгүй, өмнөх алдаагаа засаж залуурдаагүй байж дараагийнханд яарсан хэмээх дүгнэлтийг боловсрол судлаачид хэлсэн. Өөрөөр хэлбэл, сурагчдаа бэлдээгүй байж “сойсон” учир урьдынхаасаа нэг их ахиц гарахгүй нь ойлгомжтой гэнэ.
Цээжилснээ шалгуулах бус, сурсан мэдсэнээ амьдралын асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн ашиглаж байгааг үнэлдгээрээ ПИСА онцлогтой. Мөн эрэгтэй хүүхдүүд охидоос бага үнэлгээ авсан нь санаа зовоох асуудал хэвээр. Өмнөх 2022 оны үнэлгээнд ч охид илүү чадварлаг байсан. Энэ удаа мөн охид хөвгүүдээс байгалийн ухааны сорилд 23, унших чадварт 29, математикт зургаан оноогоор илүүрхсэн. Эрэгтэй хүүхдийн боловсрол орхигдсоныг дахин сануулав. Үүний зэрэгцээ хичээл таслалт, хоцролт сурлагын амжилтад ихээхэн нөлөөлж байгааг ПИСА анхаарууллаа. Хүүхдүүд өөрсдөө хичээл тасалдаг гэхээс илүү эрх баригчид юм л бол сургуулийг хааж, сурагчдыг “ад үзэгдэгтэй” холбоотой. Сиймхий гарангуут л сургууль хаах нь эрх баригчдын хамгийн сайн чаддаг зүйл. Өвөл боллоо сургуулийг хаа гэх нь халаг. Хурал зохион байгуулсан ч, зам түгжирсэн ч сурах үйл явцыг хааж боох сонирхолтой. Ингэж хүүхдийн сурлагын амжилт, ахицыг хумсалсаар байвал монгол хүүхдүүд хэчнээн сурах хүсэлтэй, сониуч зантай байлаа гээд бусад шиг амжилт гаргаж чадах уу.
“ТООНУУД” БИДЭНД ЮУ ҮЛДЭЭВ
Энэ удаагийн ПИСА-д Монгол Улсын 191 сургуулийн 7146 суралцагч хамрагдсан. Сум, аймгийн төв, Улаанбаатар хотын 15 настай сурагчид сонгогдон шалгуулсан үр дүнгийн “тоонууд”бидэнд юу үлдээв. Засгийн газар, Боловсролын яам нэгдсэн бодлого, уялдаатай ажиллаж, сургалтын чанарыг сайжруулахгүй бол аюулын харанга дэлдсээр байгааг дахин илчилсэн. Хоёр удаагийн үнэлгээгээр төрийн өмчийн сургуулийн сурагчид хувийнхаас дутаагүй. Харин ч зарим нэг үзүүлэлтээр илүү байсан. Иймд эцэг, эхчүүд өндөр төлбөртэй хувийн сургуульд хүүхдээ сургах, эсэхдээ ч эргэлзэхэд хүрсэн нь нууц биш. Харин манайхан олон улсын олимпиадуудад гялалзсан амжилт үзүүлдэг хэрнээ, элсэлтийн шалгалт, ПИСА зэрэг нийт сурагчдын сурлагын үзүүлэлтээр тааруу байгаа нь Монголд боловсролын тэгш бус байдал газар авч, толгой сайтай, эсвэл эцэг, эхийн орлого өндөр айл өрхийн хүүхдүүд цойлж, бусад нь алтан дунджаас доогуур буйг харууллаа
Боловсролын салбарт илүү их хөрөнгө оруулах нь ирээдүйг баталгаажуулдгийг Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Боловсрол, ур чадварын газрын захирал Андреас Шляйхер хэлсэн юм. Тэрбээр “Стэнфордын их сургуулийн судлаачдын тооцоолсноор хэрэв монгол суралцагч бүр хамгийн багадаа ПИСА үнэлгээний суурь буюу II түвшинд хүрч чадвал энэ нь Монгол Улсын хувьд өндөр зорилт хэдий ч өнөөгийн сурагчдын ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэх хугацаанд 177 тэрбум ам.доллароос давсан эдийн засгийн өгөөж үзүүлэх үр дүн юм. Энэ бол газрын баялгаас олдохгүй, харин монгол сурагчдын эзэмшиж буй мэдлэг чадвар, багш нарын өгөх үнэ цэн” хэмээсэн. Бусад улс орон ч үүнийг аль эрт олж харж, боловсролд хамгийн их хөрөнгө зарцуулж байна. Ялангуяа ПИСА улс орнуудын боловсролын шинэчлэл, бодлогод ихээхэн нөлөө үзүүлсэн гэнэ. Тухайлбал, ХБНГУ ПИСАгийн анхны тайлан гарах хүртэл боловсролын хувьд тааруу байгаагаа анзаараагүй аж. Тэд боловсролын ялгааг сааруулахын тулд хэд хэдэн төсөл хэрэгжүүлж, ялангуяа нийгэм, эдийн засгийн бэрхшээлтэй сурагчдыг багаас нь дэмжих, суурь ур чадварыг дээшлүүлж, багш нарыг ахисан түвшний сургалтад хамруулах арга хэмжээ авчээ. Дани мөн л дүнгээ сонсоод цочролд орсон улсын нэг. Амьдралын боломж тааруу сурагчдыг бодлогоор дэмжсэн байна. Швейцар бүх үзүүлэлтээр дээгүүр бичигдсэн ч унших чадвараар нийт сурагчийнх нь 20 хувь хамгийн доод түвшинд байж. Иймээс “Harmos” шинэчлэлийн төсөл эхлүүлсэн гэнэ. Япон ПИСАгийн үр дүнгийн талаар улс даяар хэлэлцүүлэг өрнүүлж, боловсролын шинэчлэлд ихээхэн анхаарчээ. Харин манай урд хөршийн хувьд эл үнэлгээний үр дүн сайн байсан нь үндэстнийг нь гайхашруулсан аж. Энэ эрчээ ч тус улс 2025 онд хадгалсан хэвээр. Харин монголчууд сургуульд юу сурч, тэрийгээ амьдралд хэрэглэж чадаж буй, эсэх нь эргэлзээтэй хэвээр.
Боловсролын салбарыг тэргүүн эгнээнд тавьж, санхүүжилтийг хангалттай олгож, хот, хөдөө, улсын, хувийн сургууль гэх зааг ялгааг бүдгэрүүлсэн цагт л бид ПИСА-д амжилт гаргах биз. Хамгийн чухал нөлөө нь бодлогын асуудлыг хөндөж, тодорхойлох явдал юм билээ. Бид дүнгээ сонслоо. Харин одоо “тоонууд”-ыг задалж, бодлого, төлөвлөгөөндөө тусгах үлдлээ. Судалгаанд суурилахгүй, алсын хараагүйгээр сайд, дарга нар гэнэтийн шийдвэр гаргаж, хамгийн эхэнд сурагчдыг золиосолсоор байвал нийтээрээ ПИСА-гийн суурь түвшинд хүрэхгүй л болов уу. Олон жил дуншсаны эцэст нэгдүгээр ангийн хөтөлбөр шинэчлэх нэрээр сурах бичгүүдийг дахин хэвлэж, есдүгээр сарын 1-нд зургаан настнууд үзэх номгүй хичээлдээ орсон. Өдий болтол нэгдүгээр ангийн сурагчид сурах бичиггүй хэвээр, дунд, ахлах ангийнхан ч номын төлөө “зодолдож” байна. Хэдий болтол монгол сурагчид хүнд нөхцөлд сурах гэж хичээх вэ.