Засгийн газрын өнгөрсөн зургаадугаар сарын 24-ний 276 дугаар тогтоолоор судалгаа, шинжилгээнд ашиглах цаг уурын зарим тоног төхөөрөмж, хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлсөн билээ. Тэгвэл Өмнөговь аймгийн УЦУОШТ-ийнхөн БНХАУ-ын Цаг уурын байгууллагатай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд аэрологийн шинжилгээний нэг жилийн хэрэгцээний 597 000 юанийн өртөг бүхий радиозонд болон цаг уурын бөмбөлгийг анх удаа татваргүй оруулж иржээ.
Өмнө нь олон улсын хамтын ажиллагаа, төсөл, хөтөлбөрийн хүрээнд нийлүүлсэн ийм төрлийн мэргэжлийн тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний гаалийн болон НӨАТ-ын зардлыг тухайн жилийн төсөвт тусгаагүйгээс бараагаа авч чадахгүйд хүрэх зэрэг хүндрэл үүсдэг байв. Үүний улмаас гаалийн агуулахын төлбөр нэмэгдэх, шаардлагатай хэрэглэгдэхүүн орон нутагт очихгүй байх, цаашлаад хуваарьт ажиглалт, шинжилгээ тасалдах эрсдэл тулгардаг байсныг Цаг уур, орчны шинжилгээний газрынхан хэлсэн. Харин өдгөө цаг уур, ус судлалын ажиглалт, шинжилгээний тасралтгүй, шуурхай байдлыг хангах, олон улсын хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх боломж ийн бүрдсэнийг онцлов.
М.Гэгээ