Сүхбаатар дүүргийн нутагт энэ сарын 13-нд “Хүүхэд автомашинд дайруулсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Шалгалтаар “Тоёота приус-11” маркийн автомашиныг, 32 настай Б согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодож яваад 10 настай Х гэх хүүг мөргөж гэмтээжээ. Уг хэргийг Тээврийн цагдаагийн Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй бөгөөд осол гаргасан жолоочийн согтолтын зэрэг 2.37 байсан гэнэ. Согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангахыг албаныхан санууллаа.
Ташрамд, энэ оны эхний найман сарын байдлаар зам, тээврийн осолд хүүхэд өртсөн 631 тохиолдол бүртгэгджээ. Ослын улмаас 50 хүүхэд нас барж, 674 нь гэмтсэн байна.
Ч.Болор