Жил бүрийн есдүгээр сарын 16-ныг Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Уур амьсгалын өөрчлөлт улам эрчимжиж буй энэ үед хүн төрөлхтний хамтын хүчин чармайлтын хамгийн амжилттай жишээнүүдийн нэг болох Озоны үе давхаргыг хамгаалах Венийн конвенц, Монреалийн протоколын хэрэгжилтэд улс орнууд онцгой анхаарал хандуулж байна. Эл өдрийг өнөө жил НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс “Дэлхийг хөргөх глобал үйл хэрэг: Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээн дэх тогтвортой хөргөлтийн 10 жил” (Global action for a cooler planet-Celebrating 10 years of sustainable cooling under the Kigali Amendment to the Montreal Protocol) уриан дор тэмдэглэж буй аж.
Озоны үе давхаргыг хамгаалах олон улсын гэрээнүүдийг шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан улс орнуудын бодит шийдвэр, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжүүлж ирсэн. Үүний үр дүнд озон задалдаг бодисын хэрэглээг дэлхий даяар 99 хувиар бууруулжээ.
Озоны үе давхарга сэргэх хандлагатай байгаа бөгөөд 2066 онд Антарктидад, 2045 онд Хойд туйлд, 2040 он гэхэд дэлхийн бусад бүс нутагт 1980 оны түвшинд хүрч нөхөгдөх төлөвтэй буй гэнэ. Монреалийн протоколын Кигалийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд гидрофторт нүүрстөрөгчийн хэрэглээг үе шаттай бууруулснаар 2100 он гэхэд дэлхийн дулаарлыг 0.3-0.5 хэмээр хязгаарлах боломжтой аж. Эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг үүнтэй уялдуулан хэрэгжүүлбэл эл үр дүнг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэх юм.
Монгол Улс 1996 онд Венийн конвенц болон Монреалийн протоколд нэгдэн орсноос хойш озоны давхаргыг хамгаалах, озон задалдаг бодисын хэрэглээг үе шаттай зогсоох, дэлхийн дулааралд нөлөөлөх бодисын хэрэглээг бууруулах чиглэлээр үүргээ биелүүлсээр иржээ. Үүний хүрээнд манай улс 2022 онд Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталж, үүнд нэгдсэн дэлхийн 137 дахь орон болсон юм.
Э.Сүйлэн