Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт орших Олон сүмийн дурсгалт газарт хийсэн археологийн малтлагаар Чингис хааны билиг сургаал бүхий үйсэн судар болон XVI-XVII зуунд холбогдох ховор олдвор илрүүлээд байна. Эдгээр нь Монголын бурхны шашны түүх, бичиг соёлын судалгаанд нэн шаардлагатай шинэ хэрэглэгдэхүүн болж буйгаараа чухал ач холбогдолтой юм.
Тодруулбал, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн болон Монгол-Японы хамтарсан “Бичээс” төслийн баг 2025-2026 онд тус дурсгалт газрын зүүн хэсгийн томоохон барилгад малтлага, судалгаа хийжээ. Үүний хүрээнд сүмийн төв танхим, бурхны таван суурь, тэдгээрийг тойрсон горооны замыг илрүүлсэн аж. Мөн сүмийн хананаас бурхны хөрөг болон уул, үүл, могой, ургамлын хээг олон өнгөөр дүрсэлсэн ханын зургийн үлдэгдлүүд олджээ.
Судалгааны багаас Япон Улсад 2025 онд хийлгэсэн радиокарбон (он цаг тогтоох)-ы шинжилгээгээр уг сүмийг XVI зууны сүүлч, XVII зууны эхэн үед байгуулсныг тогтоосон байна. Энэ нь Монголын анхны хийд болох Эрдэнэзуутай нэг цаг үед холбогдож буйг илтгэж байгаа юм. Малтлагын явцад түүхий шавраар хийсэн бурхны толгой болон өлмийн хэсэг, шүншиг бүхий шаазан хундага, морьтой хүний дүрстэй төмөр эдлэл, 21 ширхэг эрдэнийн чулуун эрих, улаан зандан модны хэлтэрхий зэрэг цөөнгүй олдвор илрүүлсэн аж.
Энэ оны судалгааны онцлох үр дүн нь монгол бичгээр бичсэн үйсэн номын 30 орчим хэсэг олдсон явдал байв. “Чингис хаан” Үндэсний музейн сэргээн засварлагчдын хийсэн эхний уншилтаар эдгээр нь шашин, зурхай, сургаалын шинжтэй бичвэрүүд болохыг тогтоожээ. Тэдгээрийн дундаас Чингис хааны хөвгүүд, дүү нартаа захисан билиг сургаалын хэсэг олдсон нь анхдагч бичгийн эх сурвалж болох ач холбогдолтой. Эдгээр олдвор нь Олон сүмийн дурсгалт газар Монголын эртний сүм хийдийн нэг төдийгүй уран барилга, шашин, бичгийн соёлын томоохон төв байсныг харуулж байна. Одоогоор олдворуудыг сэргээн засварлах, хамгаалах, он цагийг нарийвчлан тогтоох судалгаа үргэлжилж буй гэнэ.
У.Сүрэн