Түрээслээд өмчлүүлэх “Солонго 1, 2” төслийн орон сууцад хамрагдах иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсээд байгаа билээ. Залуу гэр бүл, төрийн албан хаагч, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон, байгалийн гамшгийн улмаас гэр оронгүй болсон зэрэг зорилтод бүлгийнхний эл орон сууцад орох хүсэлтийг найм, есдүгээр сард цахимаар авна хэмээн Төрийн өмчит орон сууцын корпорацаас мэдээлж байв. Гэвч заасан хугацаандаа сонгон шалгаруулалт явуулаагүй бөгөөд тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан.
Тэгвэл энэ талаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өчигдөр сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрбээр “Эл барилгад наймдугаар сард Улсын комисс ажилласан. Одоо дулаанаа авах, гадна талын тохижилт, үйлчилгээ, авто зам зэрэг бэлтгэл ажлаа хийж байна. БНСУ-ын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр уг төслийг хэрэгжүүлж буй тул Засгийн газрын тогтоол гарсны дараа айлуудаа хүлээж авна. Өөрөөр хэлбэл, ирэх сарын 10-14-нд цахимаар бүртгэж, сонгон шалгаруулалт явуулна. Арваннэгдүгээр сарын 1-нээс айл өрхүүд нүүж ороход бэлэн болно” гэв. Орлогод нийцсэн хэмээн тодотгож байсан “Солонго 1, 2” орон сууцын нэг ам.метр талбайн үнэ 4.4 сая төгрөг аж. Хотын төвөөс алслагдсан бүсэд хэрнээ ийм өндөр үнэтэй байгаа талаар салбарын сайд нь “2022 онд төслийг хэрэгжүүлж эхлэхэд тогтоосон үнэ. Орон сууцын урьдчилгааны төлбөр 30 хувийг 15 болгож бууруулсан” гэв.
Түүнчлэн “Ногоон нуур 1008” орон сууцад айлуудыг энэ онд багтаан оруулах аж. Айлуудын 756 нь газраа байраар сольсон бол үлдсэнийг нь зөвхөн түрээслэх гэнэ. Тус барилгыг Улсын комисс хүлээж аваад зургаан сар өнгөрсөн ч айлуудаа оруулаагүй, урсгал зардлыг нь төсвөөс гаргаж буй юм.
Ч.Болор