“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, өөрсдөдөө болон хамаарал бүхий хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосон хэрэгт холбогдсон тохиолдол нэг бус. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн энэ сарын 7-13- ны хооронд эрүүгийн 1035 хэрэгт мөрдөн байцаалт явуулснаас есийг нь шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн прокурорын байгууллагад хүргүүлсний дотор дээрх компанийнхантай холбоотой үйлдлүүд багтжээ. Тодруулбал, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Стратеги, бизнес хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан Г.Эрдэнэсүхэд их хэмжээний хахууль өгсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг АТГ-ынхан дуусгасан байна. Түүний албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан “Хайрхантоб”, болон “Гэрлийн хурд” ХХК-ийн удирдах албан тушаалтан Д.Үнэнбат 140 сая төгрөгийн хахууль өгсөн хэрэгт холбогдсон аж. Их хэмжээний төмрийн хүдэр худалдах, худалдан авах гэрээ байгуулахын тулд уг мөнгийг өгч, авалцсан хэрэгт буруутгагдаж буй гэнэ.
Тэднээс гадна “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ийн Санхүү, удирдлагын газрын хэлтсийн дарга Б.Мягмарбаяр нь “Өгөөж гурил” компанийн удирдлагатай хүдэр тээвэрлэх гэрээ байгуулж, давуу байдал үүсгэснээр төрийн өмчит аж ахуйн нэгждээ 539.2 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.