Монгол орон нь Төв Азийн махчин шувуудын чухал бүс нутаг бөгөөд бүргэд, харцага, сар, тас, ёл, шонхор зэрэг 40 гаруй зүйл бүртгэгдсэн байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд бүргэд тэргүүтэй махчин шувууд өндөр хүчдэлд цохиулан олноор хорогдсоор байгаа тул тэднийг хамгаалах ажил тасралтгүй үргэлжилж, холбогдох стандартыг шинэчилжээ. Тодруулбал, цахилгааны шугамд олон жил ашиглаж ирсэн, шувуу суухаас сэргийлсэн хадаас, шүүрэн тороос төрлийн хязгаарлагч нь тэднийг хамгаалах бус, эсрэгээрээ үхэл хорогдлыг нэмэгдүүлдэг болохыг Монголын шувуу хамгаалах төвөөс судалж тогтоосон байна. Үүний дагуу эдгээр тусгаарлагчийг цаашид ашиглахаа бүрмөсөн болих аж.
Улмаар уг судалгааны үр дүнг “Raptor journal” дээр хэвлэхээр болсныг тус төвийнхөн мэдээлсэн. Одоогоор тэд шувуудыг хамгаалж, 15 аймгийн цахилгаан түгээх 69 шугам болон 26 мянга гаруй шонгийн оройд зориулалтын хөндлөвч бүрээс суурилуулаад буйгаа хэлэв. Мөн шинэчлэн баталсан стандартад нийцээгүй дээрх хоёр төрлийн суудал хязгаарлагчийг түгээх шугамуудад нэмж ашиглахгүй, одоо байгааг нь солих шаардлагатай гэсэн юм.
Цахилгаан түгээх шугамын шонг 2023 онд хэсэгчлэн хамгаалснаар махчин шувууд хүчдэлд цохиулж үхэх нь 95 хувиар багасжээ. Эл энгийн шийдэл нь олон мянган шувууг ийн хамгаалах боломжтойг албаныхан онцолсон юм. Цаашлаад энэ нь махчин шувуудын үржил, нүүдэл, идэш тэжээл, экосистемд хэрхэн үүрэг гүйцэтгэхийг ч судалж буй юм байна.
О.Ундрах